Монгол Улсын өр 473.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Монгол Улсын өр 473.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний найман сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал нэг их наяд 808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард таван их наяд 371.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ өнгөрсөн оноос илүү нэмэгдэх болсон шалтгаан нь урсгал зардал 521.9 тэрбум төгрөг буюу 14.5 хувиар, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 464.9 тэрбум төгрөг буюу 21.4 дахин өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ны шинжээч тайлбарлалаа.

ҮСХ-ноос гаргаж буй оны эхний найман сарын төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн долоон сартай харьцуулахад нэг сарын дотор Монгол Улсын бусдад төлөх өрийн хэмжээ 584.7 тэрбум төгрөгөөс 111.1 тэрбум төгрөг хасагдаж, 473.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

2016 оны эхний долоон сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5 их наяд 14.3 тэрбум төгрөг гэж ҮСХ-оос зарлаж байсан юм.


ИРГЭДИЙН АВАХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН НЭМЭГДЖЭЭ

Иргэнд ноогдох нэг сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 888 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 мянган төгрөгөөр, 2016 оны нэгдүгээр улирлынхаас 16.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж ҮСХ тайлагналаа.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл, 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.4 мянгаар, 192.0-300.0 мянан төгрөгийн цалинтай ажиллагчид 3.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.4 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 10.6 мянгаар, нэг сая 100.0-аас нэг сая 300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 7.7 мянгаар, нэг сая 300.0-аас нэг сая 500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 1500.0 төгрөгийн түүнээс дээш цалинтай ажиллагчид 2.5 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 500.0-700.0 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 700.0-900.0 төгрөгийн цалинтай ажиллагчид 1.9 мянгаар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал нэг их наяд 808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард таван их наяд 371.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр өсчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу хоёр сая 31.6 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 585.6 мянган төгрөг байна. Иргэдийн сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 76.2 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 480.0 мянган төгрөг буюу хамгийн бага байжээ.


ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ НЭМЭГДЭЖ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БУУРЧЭЭ

Mөнгөний нийлүүлэлтийн тухайд энэ оны наймдугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 56.2 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувиар буурчээ.

Ийнхүү мөнгөний нийлүүлэлт буусан шалтгааныг төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах 219.2 тэрбум төгрөгөөр буурсантай шинжээчид холбон тайлбарлалаа. Гэхдээ валютын харилцах, валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө нийтдээ 163.0 тэрбум төгрөгөөр өсчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2016 оны наймдугаар сарын эцэст 817.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 900 сая төгрөгөөр буурсан байна. Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж хоёр их наяд 442.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 27.3 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар өмнөх оны мөн үеийнхээс 388.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 200 ОРЧИМ ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ

Төгрөгийн ам.доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төгрөг, зургаадугаар сард 1964.93 төгрөг, долоодугаар сард 2031.90 төгрөгт хүрсэн байх юм. Гэхдээ ҮСХ дээрх төгрөгийн ам.доллартай харьцах үзүүлэлтийг тавдугаар сарынхаас зургаадугаар сард 2.0 хувиар чангарч, долоодугаар сард 3.4 хувиар суларсан гэж мэдээлж байсан.

Тэгвэл энэ оны наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах үнэ 2189.05 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 198.57 төгрөг буюу 10.0 хувиар суларчээ.

Харин төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 329.20 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.41 төгрөг буюу 4.9 хувиар суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах ханш 33.68 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.32 төгрөг буюу 10.9 хувиар суларсан гэж ҮСХ мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж