Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааны ялагчид тодорлоо. Уртын дууны наадамд оролцогчдыг энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд шалгаруулсан бөгөөд олон улсын таван орны 201 мэргэжлийн болоод ардын авъяастан уртын дуучид, хөгжимчид А, Б гэсэн ангилалд өрсөлджээ. Ингээд уртын дууны олон улсын анхдугаар уралдааны ялагчдыг танилцуулж байна.
А ангилалд:
Тэргүүн дээд /Гранпри/ – Ц.Түмэнжаргал /Төв аймгийн харьяат, ҮДБЭЧ-ын уртын дуучин/
Тэргүүн байр – Э.Болормаа /Архангай аймгийн харьяат, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын ажилтан/
Дэд байр – З.Сарангэрэл – /ӨМӨЗО-ны дуу бүжгийн чуулгын дуучин/
Гутгаар байр – Г.Энхбаатар / Архангай аймгийн харьяат, ҮДБЭЧ-ын уртын дуучин/
Тусгай байр – Г.Отгонзул / Архангай аймгийн харьяат, Язгуур хамтлагийн дуучин/
Шилдэг хөгжмимчин- Б.Шаравнямбуу / Сүхбаатар аймгийн харьяат, СУИС-ийн концертмейстер багш/
Б ангилалд:
Тэргүүн байр – Э.Хүрэлбаатар /Говь-Алтай аймгийн харьяат, Налайх дүүргийн соёл урлагийн ордны уртын дууны багш/
Дэд байр – О.Оюун-Эрдэнэ /Өмнөговь аймгийн харьяат, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/
Гутгаар байр – Ц.Өлзийбат /Дундговь аймгийн харьяат, хувиараа/
Тусгай байр – Ү.Дэлгэрмаа / Говь-Алтай аймгийн харьяат, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа чуулгын уртын дуучин/
Шилдэг хөгжимчин – М.Алтанбат / Говь-Алтай аймгийн харьяат, СУИС-ийн морин хуурын багш/
Шилдэг хөгжимчин – Чадраабал / ӨМӨЗО-ны Сөнөд зүүн хошуу, морин хуурч/ нар тус тус шилдгээр шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Мөн уртын дууны баярын үеэр Н.Норовбанзадын 85 насны ойд зориулсан “Уртын дууны хатан хаан” номын нээлтийг хийсэн юм. Энэхүү ном нь монгол, англи хэл дээр бичигдсэн бөгөөд уртын дууг олон улсад таниулан сурталчилахад том хувь нэмэр боллоо хэмээн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, профессор Н.Жанцанноров онцолсон юм.
Уртын дууны баярт хүндтэй олон зочин ирсэн байлаа. Энэхүү наадмыг зохион байгуулах комиссын дарга, СУИС-ийн захирал Э.Сонинтогос баярыг нээж үг хэлсэн ба их дуучинтай ойр дотно явсан үе, дурсамжаасаа хуваалцав. Э.Сонинтогос: “Би нэг удаа Н.Норовбанзад гуайгаас асууж байсан юм. “Та дэлхийн олон тайзан дээр дуулсан, уртын дууг хаана дуулахад хамгийн сайхан байсан бэ? гэхэд Н.Норовбанзад гуай надад “Монгол гэрт дуулахаас өөр сайхан газар байхгүй шүүдээ” гэж хариулсан юм хэмээн АСЕМ ВИЛЛА-гийн хүндэтгэлийн гэрт уртын дууныхаа баярыг хийж байгаадаа билэгшээж байв.
Мөн Норовбанзад сангийн тэргүүн, Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа мөн үг хэлж ээжийнхээ дуулсан “Уяхан замбуу тивийн наран” дууг түүний шавь нар, найз нөхөд, ардын авъяастнууд зэрэг 300 хүнтэй нийлэн дуулахад өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж, нулимстайгаар тайзан дээр гарч зохион байгуулсан бүх хүнд талархлаа илэрхийллээ.
А.СҮРЭН