Ардчиллын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаад өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 9-нд сулласан байна. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байсан юм. Б.Булганы биеийн байдал хэвийн байгаа бөгөөд багагүй турсан байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн сулласан байна. Харин ЦЕГ-аас Б.Булганг хэзээ, хэдэн цагт ямар шалтгаанаар сулласан эсэхийг тодруулахад “мэдэхгүй байна” гэсэн тайлбар өгчээ. Мөн цагдаагийнхан Тагнуулын ерөнхий газраас асуувал "тодорхой хариулт олно” гэсэн байна. Гэхдээ ТЕГ-аас албан ёсны тайлбар хийгээгүй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр нар томилогдох боломжтой болж, Төрийн албаны зөвлөлийн шалгалтад тэнцжээ. Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалт зарласан байсан бөгөөд уржигдар /2016.09.08/ шалгалт авсан юм. Сонгон шалгаруулалтад нийт 18 хүн нэрээ дэвшүүлсэн ч дөрөв нь тавьсан шалгуурыг хангаагүй тул хасагдаж шалгалтад ороогүй юм байна.
Иргэнд ноогдох нэг сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 888 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 мянган төгрөгөөр, 2016 оны нэгдүгээр улирлынхаас 16.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ тайлагналаа. Энэ онд хувь хүний орлогын албан татвар төлдөг, ажилтай иргэдийн тоо өнгөрсөн оныхоос 12 мянга 740 хүнээр нэмэгджээ.
Иргэдийн сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу хоёр сая 31.6 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 585.6 мянган төгрөгөөр хэмжигдлээ.
Солонгос улс руу гарах хүсэлтэй 50 мянган иргэн нэг жилд виз мэдүүлдэг. Үүнийг хариуцан ажиллаж байгаа Солонгосын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар 95 хувьд нь виз олгосон байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг сард дунджаар 360 хүн визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна. Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа улс орныг Монгол Улс тэргүүлсэн тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд сайдын цаг мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Жил бүр тохиодог номын баярыг угтан Хүүхдийн номын ордноос 800 гаруй номыг багтаасан апликэйшны нээлтийг энэ сарын 16-нд 13:00 цагт “I cinema” кино театрт хийх гэж байна. Энэхүү номын апликэйшнд улсын архивт багтсан алтан үеийн хуучны зохиол, сэргээх боломжгүй бүтээлүүдийг ч сэргээн багтаасан бөгөөд ахлах, дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн сургалтын материалууд болон оюутан сурагчдын гарын авлага багтсанаараа онцлогтой. Уг апликэйшныг ашиглахыг хүсвэл нэг сарын 3000 төгрөгийн төлбөр төлөх бол нэг жилийн төлбөр нь 30 мянган төгрөг юм байна.
Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар болоод байна. Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ.