Барилгынхан бачимдуу байна

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Барилгынхан бачимдуу байна

Эдийн засгийн эргэлт саарч, иргэдийн гар дээр бэлэн мөнгөний хомсдол үүсчээ. Үүнээс  болоод барилгын салбарт орон сууцны борлуулалт буурч байгаа тул барилгын компаниуд ажилчдынхаа цалинг өгч чадахгүйд хүрээд байгаа аж. Гэхдээ зөвхөн орон сууц зарагдахгүй байгаагаар тэдний “зовлон” дуусахгүй. Өөр ямар бэрхшээл тулгарч байгааг тодрууллаа.


Номин Констракшн Девелопмент группийн ТУЗ-ын дарга Ш.Энхбаяр

Барилгын салбарт санхүүжилтийн асуудал хүнд байна. Борлуулалт алга. Иймээс гадаадын аж ахуй нэгжээс хөрөнгө оруулалт татах боломж байгаа юм. Гэтэл нэгдүгээрт, Монголын эдийн засгийн ретинг буурч байна. Хоёрдугаарт, барьцааны хувьд асуудал үүсдэг. Тэгэхээр Засгийн газар боломжтой бол компаниудад шаардлага тавиад тухайн шаардлагад нийцсэн аж ахуй нэгжид баталгаа гаргаж өгдөг байвал ямар вэ. Ийм боломж олгох юм бол бид өөрсдөө санхүүжилтээ олоод явах боломжтой.

“Примиум”группын захирал А.Ганболд

-Барилгын ажил бол улирлын чанартай байдаг. Гэтэл хавар гуравдугаар сард газар гэсэх үе гээд зам хаачихдаг. Намар есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-нд газар хөлдөх үе гээд мөн л зам хаачихдаг. Цаана нь дөрөвхөн сарын хугацаанд хүнд машин, механизм ажил хийж байна. Гэтэл шөнө ажиллуулахгүй гээд зогсоочихдог. Өдөр явуулахгүй гээд хорьчихдог. Ийм олон уялдаа холбоогүй дүрэм журам үйлчилдэг учраас бидэнд хүндээр тусдаг. Эдгээр асуудлыг яам зангидаж санал гаргаж явахгүй бол маш богино хугацаанд барилга барьж байгаа улсын хувьд хүндрэлтэй байна.

Хоёрдугаарт, Монголбанкнаас валютаар төлбөр тооцоо хийж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл туслан гүйцэтгэгч компаниуд гадны төсөл хөтөлбөрт хамрагдаад гэрээ хийх гэхээр боломжгүй байдалд хүрээд байна. Нөгөө талаар бид банкнаас зээл авахдаа валютын зээл авчихдаг. Гэтэл валютын ханшны зөрүүгээс болоод маш хүнд байдалд ороод байна. Урьд нь долларын ханш 1200 төгрөгтэй тэнцэж байхад гурван жилийн гэрээ хийсэн компанийн хариуцсан ажил өдийд дуусах дөхөж байхад доллар огцом өссөн. Захиалагчийн төлбөр нь хэвээр байж байдаг. Зах зээлийн энэ байдлаас бол алдагдал хүлээж байна. Иймээс Монголбанкны удирдлагууд валютаар төлбөр тооцоо хийж болохгүй гэсэн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. 

“Мэско-Пропертис”компанийн Ерөнхий захирал П.Одгэрэл

-Бид олон улсад амьдарч байгаа Монголчууд дээр очиж Монголын орон сууцны танилцуулга хийдэг. Одоогийн байдлаар АНУ, Япон, Өмнөд Солонгост байгаа хэдэн Монголчуудтай гэрээ хийчихээд байна. Үүнээс юу ажиглагдаж байна вэ гэхээр хилийн чанадад байгаа Монголчуудын хуримтлал 40-60 хувьтай байна. Үлдсэн мөнгөө төлөх бага хүүтэй зээл хүсдэг. Хилийн чанадад байгаа монголчууд зээл авахад сарын 1,3 хувийн хүүтэй байдаг. Ийм хүүтэй зээлийг авах боломжгүй байна. Иймээс хилийн чанадад байгаа Монголчуудад бага хүүтэй зээл олгох гарц хэрэгтэй.

Мөн хилийн чанадад байгаа Монголчуудад зориулсан хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр валютын урсгал нэмэгдэх хандлагатай. Тухайлбал сар бүр 500 ам.долларын төлөлт нэг хүнээс орж ирнэ гэж тооцоход маш их хэмжээний долларын урсгал орж ирэхээр харагдаж байна.

“Суруга Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр

Монголд хөрөнгө оруулаад явж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын компани маш хүнд байдалтай байдаг. Яагаад гэвэл бид дэлхийн стандартад нийцсэн барилга барьж байгаа боловч нэлээд их дарамт шахалтад байна. Жишээ нь 2014 онд манай компанийн барилга барих онцгой эрхийг цуцалсан тохиолдол бий. Мөн ямар нэг захирамж, журам гаргаад үйл ажилгааг маань зогсоочихдог. Ийм байхаар гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Жишээ нь өмнөх долоо хоногт манай компанийн ус сувгийн онцгой зөвшөөрлийг хаачихсан. Яагаад хаачихсан гэхээр Засгийн газар байгуулагдаад барилгын компаниудын ус сувгийн онцгой эрхийг хаах шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Угтаа бол мэдэгдэл хүргүүлж байж хаах ёстой шүү дээ. Үнэхээр ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бэрхшээлтэй.

“Пума” компанийн Гүйцэтгэх захирал О.Роза

-Манай компани 100 мянган айлын орон сууц бариад явж байна. Үүний 60 хувийг ашиглалтанд оруулсан ч борлуулж чадахгүй байгаа юм. Үүний зэрэгцээ банк дарамт үзүүлж байна. Учир нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг заавал бэлэн мөнгөөр байршуулах шаардлагыг иргэдэд тавьдаг, бэлэглэж өгсөн байрыг барьцаанд авахгүй гэдэг. Дээр нь зээл авсан компанийн дотоод ажилд хэтэрхий их оролцдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, зээлийн хүүг таван хувь болгоно гэж ярьсан учраас иргэдийн дунд хүлээлт үүссэн. Үүнээс болоод иргэд орон сууц авахгүй байна. Ипотекийн зээлээр 150 ам.метр байраа зарж чадахгүй юм гэхэд 110 ам.метр орон сууцыг найман хувийн зээлд хамруулаад илүү ам.метрийг нь банкны зээлийн хүүгээр өгөх замаар борлуулах хэрэгтэй байдаг. Нэгэнт барилга барьчихсан компаниуд сул зогсоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж