Төр түвшин, түмэн амгалан аж төрөхүйн нийгмийн гол орчин нөхцөл нь улс төрийн зохистой тогтолцоо, төрийн оновчтой хэлбэр, дэглэм тогтоож, түүнийг бүх талаар тордон сайжруулж тууштай баримтлах явдал бол Улсын Их Хурлын эрхэм гишүүдээс шууд хамаарна.
Ер нь улс төрийн зүтгэлтнүүдүүдийн үзэл бармтлал алдаатай буюу оновчтой байхын аль аль нь жирийн иргэний боддог, ойлгодгоос хавьгүй илүү үр дагавартай, учир нь анхдагч сарнимал түүхий мэдээлэл улс төрийн бодлогын хайрцагт орж, задлан шинжилсэн шүүлтүүрээр орж байж тодорхой шийдэлд хүрч улмаар улс төрийн бодлого болдог.
Зөв нийгэм бол үндэсний баялагтай, иргэн нь мэдлэг чадвартай, төр нь өөрийн эрх мэдэлтэй, ард түмний ёс заншил дээдлэгдсэн, үндэсний өндөр соёл, урлагтай байж дархлаатай болдог. Эдгээрийн бүтэц, харилцаа, хөгжлийг эдийн засаг, шинжлэх ухаан, улс төр, ёс суртахуун, ерөнхий үзэмжээр нь ангилан судалж, аль нэг хэсэгт нь саад бэрхшээл тохиолдоход төр нь цаг алдалгүй зохицуулаад, даван туулж байвал нийгэм хямрах нь бага байдаг талтай.Төр байхын учир, ард түмэн төрөө сонгодогийн учир энд л байдаг. Юу хямрал дагуулах вэ гэдгийг дэлхийн цаг үеийн нөхцөл байдал тод харуулж байна. Гагцхүү олж харах нь чухал, айсуй эрсдлийг олж харж чадахгүй бол улс төрч гэж явахын шаардлага юун. Доголдсон нийгмийн хямрал хэдэн ч жил үргэлжилж болзошгүй, юу руу аваад явж ч мэднэ. Нийгэм тэр аяараа хямрана гэж бараг үгүй харин нийгмийн тодорхой хэсгийн өмнө тулгараад байгаа саад бэрхшээлийг сайн судалж, ойлгох, учир шалтгааныг нь зөв олж, эрсдлийг алсаас арилгаж байж л нийгэм хөгждөг гэдэг. Бүх талын юмыг эерэг, сөрөг үзэгдлийг олж хардаг, аливаад соргогоор ханддаг улс төрч хүн нийгмийг авч явна.
Монгол улсад авлигыг хэн цэцэглүүлсэн бэ гэвэл нийгмийн эрх мэдэлтнүүд, тэр нь өргөн олныг хамраад одоо түүнийг таслан зогсоож, устгаж чадахгүй явсаар эдийн засагт ээлжит хямрал руу оруулж байгаа болохоос татвар хураамж хямралд хөтлөөгүйг судлаачид шинжээчид хэлж ярьсаар. Бид төсөв аюулгүй байх, төсвийн орлого баталгаатай байх, зарлага нь аюул эрсдэл өдөөхгүй байхад бага анхаарсаны горыг амссан нэг тийм эмзэг үед амьдарч байна.
Тэгэхлээр төрийн удирдлагын онол, эдийн засгийн онол, аюулгүй байдлын судалгааны суурь ойлголт, арга эзэмшсэн, монгол ухаан нь төлөвшсөн хүн л ийм эмзэг цаг үед улс төрийн зөв бодлого боловсруулж чадах ба ядаж хамжигч, дэмжигч болоосой гэж түмэн олон хүсэн хүлээнэ. Дэлхийн даяаршил сайн муу бүх юмыг нэг эргүүлэгт оруулдаг болсон энэ цаг үед улс өөрийн гэсэн дархлаатай, зүг чигтэй, сарниж живчихгүй явахад сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин, төрийн жолоог залуурдахаар ард түмнээс сонгогдсон эрхэм гишүүд нэн их үүрэгтэй. Монгол улсаа авч явахын тулд төрд одоо л мэргэжлийн баг ус агаар мэт хэрэгтэй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ утгаар л МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан болов уу гэж харж байгаа. Алив асуудлыг хөндлөнгөөс ажиглахад олон гарц шийдэл харагддаг, дотор нь ороод ирэхээр болох болохгүйн түмэн асуудал босоод эхэлдэг, харин байнга дотор нь байсан нь тэр болгон юмаа олж хардаггүй, их сайндаа нь л шүүмжлэл гэж үздэг талтай тэгээд л алдаа гарч, ялангуяа мэдрэмж нь багасч эхэлдэг.
Сонгуулийн үр дүнгээр УИХ-д 40 орчим гишүүн шинээр орж ирлээ. Шинэ гишүүдийн маань орчин цагийн соёлт хүний зайлшгүй хэрэгцээ болсон төрийн удирдлага, аюулгүй байдал, эдийн засгийн онолуудын суурь мэдлэг хир вэ? Тэд шууд хууль тогтоох ажилд ханцуй шамлан ороход бэлэн үү? Эдийн засаг, нийгмийн амьдралын хүнд бэрхшээлүүдийг гярхай олж харж, чадамгай шийдвэрлэхэд бэлэн үү? гэдгийг түмэн олон харж, ажиглаж байна.
Монгол Улсынхаа нөхцөлд зохицохуйц, монгол хөрсөнд соёлж чадахуйц эдийн засгийн онол-практик хосолсон үзэл бармтлал боловсруулж байж өр зээл, хямралыг гэтлэх үүрэг хүлээхээр өөрсдөө андгайлан байж тэд сонгогдсон. Шинэ зууны шинэ иргэн, шинэ эдийн засаг, дэлхийн хүчний харьцааны шинэ савлагаатай цаг үед улс орноо авч гарах, баталгаатай оршин тогтнуулах ээдрээтэй хувь заяаг хариуцах боллоо. Энэ удаагийн их хуралд хуучин тулхтай, туршлагатай гишүүд цөөнгүй дээрээс нь Ерөнхийлөгч аль ч талаараа их туршлага суусан, мөн ард түмэн нь хүлээцтэй ухаалаг болсон, мэдээллийн хурдац эрс нэмэгдсэн гээд боломжууд бол бий, гагцхүү зөв хамтран ажиллах эрч хүч, ойлголцол, хурд, ул суурьтай тооцоотой бодлогоос олон юм хамаарах байх.
Хоёр хөрштэйгөө харилцах харилцаа нь манай орны хөгжил, аюулгүй байдалтай амин холбоотой учраас энэ хоёр оронтой харилцах харилцааны асуудлыг өргөн цар хүрээтэйгээр алс хэтийн наад зах нь арав чадвал тавин жилийн дараах ерөнхий төлөвийг тодорхойлон судалж төсөөлдөг, тэгж байж бодлогоо явуулдаг байх хэрэгтэй учир эрхэм гишүүд үүнийг яаж авч үзэхээс их зүйл хамаарна харин яваандаа танилцаад сурчихна ойлгоно гэвэл нөгөө л эрсдэл хямрал цаашлаад аюулгүй байдал өөр юугаа ч тавиад туухад хүргэнэ гэж болгоомжлоход илүүдэхгүй байх.
Хэзээ ч мартаж орхиж болохгүй олон эрсдэл, саад бэрхшээлүүд өмнө хүлээгдэж байгаа нь мэдээж. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдал тэр тусамаа төсвийн асуудал тун эгзэгтэй үед орж ирлээ. Гагцхүү түүний шалтгааныг илрүүлэн оношлох, гарцаа зөв олж харах, тооцож үзэх, дагах эрсдлийг холдуулан зайлуулах, хамтран шийдвэрлэх гэдэг бол төрийн бэлтгэгдсэн тулхтай албан хаагчийн оюуны чадавхийг шавхаж байж хийх ажил болох нь тодорхой.
Олон жил төрийг орлосон нам дангаар засаг барьсан, төрөө хүндлэх эх орноороо бахархах үзэл саармагжсан нь хүн амын зүгээс төр, эрх зүйг хүндэтгэн үзэх үзэл бүдгэрч, ёс суртахууны түвшин /хоцрогдол/ газар авч, улсаа авч явах төрийн үүргийн талаар төөрөгдөл бий болж, залуучууд, хойч ирээдүй маань “Төрийн минь сүлд, түмний минь өлзий” хэмээн залбирах нь багасах аюул байгааг анзаарахгүй орхиж болохгүй л болов уу, гэхдээ бахархал гэнэт асахаараа гал мэт дүрэлздэг цаг үед бид амьдарч байна.
Түүхэн хөгжлийн сэргэн мандалт, уналт доройтлын аль алиныг туулсан Монгол эх орныхоо нийгэм-улс төр, эрх зүй, эдийн засгийн амьдралын өнгөрсөн, өнөөгийн байдлыг гадаад, дотоод талаас нь сайтар судлан үзэхгүй, харийн улс гүрний жишгийг дутуу дулимагхан судалсан, үзсэнээрээ гул барих, цаад мөн чанарыг харахгүй өнгөцхөн хандах хандлага улс орны нийгмийн бүх салбарт дасал болох, төрийн албаны чадавхид нөлөөлж болзошгүй байгаа нь төрийн ажлын анхаарлын гадна үлдээх асуудал лав биш байх.
Сонгуулийн үр дүнгээр 1990 оноос хойш ардчилал, эрх чөлөө, нээлтттэй байдлын төлөө олон аргаар тэмцэж, туршлага, мэдлэг боловсрол, чадвараар хэнээс ч дутахааргүй болсон, дээрээс нь улс төрд ороод төрийн албаны бүх шат дамжлага дамжаад боловсорч бэлтгэгдсэн, өөрөөр хэлбэл хал үзэж хашир суусан олон хүн тоглолтын гадна гарсан нь бас л анхаарахгүй орхиж болохгүй асуудлын нэг мөнөөс мөн гээд тоочоод байвал төвөгтэй юмнууд их бий.
Улс орны хөгжлийг сүүдэр мэт дагадаг авлигалын асуудал манайд, масс дотор хүндхэн байна. Ядаж албан тушаалд томилогдохдоо мөнгөн аяга гарддагаа болихоос авлигалтай тэмцэх ажлаа эхлүүлмээр, авлигын сүлжээг том утга агуулгаар нь харахад их том проблем үүсгэж мэдэхээр харагддаг болчлоо.
Гадаад орнуудад төрийн эрх барихын тулд түүнд зүтгэх хүнээ сайтар сонгож, үе шаттай бэлтгэн хариуцлагажуулдаг олон арга, туршлага байдгийг шинээр сонгогдсон гишүүд мэддэг байх, парламентын гишүүдийг цөөн хоногоор аюулгүй байдлын чиглэлээр тусгайлсан сургалтанд хамруулж төрийн удирдлага, үндэсний аюулгүй байдал, эзийн засаг, авлигал гэсэн гол гол чиглэлээр багц ойлголт өгчихдөг практик ч дэлхийн олон оронд бий, энэ нь цаанаа бол улс төр үймэхгүй, аюулгүй байх гээд олон учир утга агуулдаг. Мэдээж үүнийг хууль, эрх зүйгээр зохицуулаагүй ч аливаа ажилд бэлтгэгдсэн хүн гэдэг их чухал байдгийн илэрхийлэл.
Улсын Их Хурлын гишүүн болох нэг хэрэг, гишүүний үүргээ биелүүлэх бол шал өөр хэрэг. Өмнөх үеийн УИХ-ын гишүүд дотор даган баяссан,хөрөнгө мөнгө хөөсөн, популизм хийсэн, фракцлан бүлэглэсэн, дангааршин эсэргүүцсэн гээд аль аль нь байсан, тэгээд түүний үр дүн улсад болоод өөрт нь сайнаар нөлөөлж үлдсэн зүйл тун бага. Эрх зүйт төрийг авч явахын тулд болох болохгүйн тухай бүх чиглэлээр нэгдсэн ойлголттой болж аваад ажилдаа орвол төрийн бодлого тодорхойлоход хэрэг болно. Бид маргаашид итгэж хойшлуулах сонирхолтой, асуудлыг цаг хугацаагаар хэмжиж зохицуулдаггүй, хоосон орон зай их гаргадаг нийтлэг дутагдалтай цөлх ард түмэн. Энэ наазгай зангаасаа болж боломж алддаг, бусдад хожигддог дутагдал ч нийтлэг. Төр засаг 2020 оноос цэгцрэх юм гэнэлээ гэсэн хоосон яриа олон хүний үгнээс сонсогдох боллоо. Энэ удаа буруу сонголт хийчлээ дараа нь зөв сонгонооо гэсэн үг юм уу хаашаа ч юм бэ?. Харганы ноосоор эсгий хийнэ гэдэг шиг ийм хоосон итгэл улс гүрэнд сайн юм авч ирэхгүйг бүгд гадарлаж байгаа. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд юу хийх вэ гэхлээр намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд одоогоор ярьж байна. Намын мөрийн хөтөлбөрийг задалж, улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн дэг журам, төсвийн хямрал мэт олон эрсдэлийг жам ёсны залгамж болох зангилаануудтай нь уялдуулж байж сая ажил хэрэг болж таарна. Сонгогч түмэн хөтөлбөр чинь хэрэгжсэн үү гэхээсээ илүү аж амьдрал дээшилж, амалсан амлалтдаа хүрсэн эсэхийг хардаг нь сонгуулиар ажиглагдсан нь үнэн. Цаашид ч тэгэх магадлалтай.
Эхнээсээ л би мундаг, эсвэл бүх юм буруугаар эргэснийг засна янзална гэж хийрхэлд автаад эхэлбэл гишүүн нь ч боловсрохгүй, ажил нь цэгц эрэмбэтэй урагшлахгүй юм болно.
Тэгэхлээр яах вэ? Манай улсад судалгааны хэдэн байгууллага бий, тэд нийлээд нэг бодитой урагшаа харсан дүр зураг гаргаад юуг хаанаас нь яаж зохицуулах тодорхой ойлголтыг эхнээс нь өгчихвөл гишүүд хүлээж авах, мэдрэх, чиглэл хариуцаад бодлого гаргаад тууштай ажиллахад нь тус нэмэр болно байх.
УИХ-ын ажлын алба, гүйцэтгэх засаглалын зүгээс төр улсаа гэсэн сайн зааварчилга, гарын авлага гаргаад түүнийг нь гишүүд сайтар судлаад улсын, нийгмийн өнөөгийн дүр төрхийн талаар нэг ойлголттой болчихвол элдэв сөрөг санал, популзим гарахгүй болов уу гэж найдаж байна. Хүн болгон бүгдийг мэдэх албагүй ч үүрсэн ачаагаа даах хэрэгтэй болно. Тэгдэг ч жам ёстой байх, тэгэхгүй бол нүгэл болно. Энэ удаагийн Улсын Их Хурлыг зөвхөн хууль тогтоох ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхээс гадна төрийн эрх мэдэл буюу засаг хуваарилах Үндсэн хуулийн зарчмыг мөн чанар, үүрэг зорилтод нь хүртэл төлөвшүүлэх, хуулийн биелэлтийн төлөө төрийн бүх албан тушаалтны хууль зүй, ёс зүйн болон эдийн засгийн хариуцлагыг дээрээс нь эхлэн чангахан цэгцэлж, зохицуулан бодитой болгоход хичээн ажиллаасай гэсэн их хүлээлт угтан авч байна. Тун чамбай судалгаатай бодлого,тооцоо, зохицуулалттай, бас дахин гуйвалтгүй тооцоотой байхад өр шир, нийгмийн халамжийн асуудал нэг талдаа гарч л таарна. Аливаа улс өрөнд баригдаж хямрах гэж биш аюулгүй тайван хөгжих гэж л оршин тогтнодог. Дэлхий дээр бид ямар ганцаараа өртэй ч улс биш тусалдаг, дэмждэг гарц, шийдлүүд зөндөө олдоно. Гагцхүү улсаа улс шиг авч явахын тулд эрхэм гишүүд олон талаар бэлтгэлээ хангаж, эрчтэй чамбай ажиллах нь чухал байна. Украйн улсын гадаад өр 2016 оны 4 сарын байдлаар 117.358.0 сая доллароор тооцогдож ДНБ-д харьцуулахад 131%-д хүрсэн бол АНУ 18 биш 91 трлн болсон талаар Вашингтоны Катонийн хүрээлэнгийн судлаач Майкль Таннер гэгч мэдээлсэн байх юм. Эдгээртэй бид харьцуулж амарлингуй сууж болохгүй, өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэсэн сургаалын мессежийг бидэнд өтгөс маань үлдээсэн билээ.
Төр тогтвортой байна гэдэг дандаа сайн сайхан байхын бэлэгдэл биш дотор нь бугшсан асуудлууд задрахаараа усны далан сэтрэх мэт аюултай гэсэн мэргэн үгийг санахад илүүдэх юун. Хүний дааж чадах ачааг л бурхан үүрүүлдэг тул даахгүй нохой булуу хураах шаардлага үгүй билээ гэсэн ойлголт масс дотор байна… Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэж, сайн төрийн толгойд хууль ноёрхох болтугай. Эрхэм гишүүдийг хүн төрөлхтний хамгийн анхны хуульчид болох Вавилоны хаан Хаммурапи , Афины Солон, Спартын хуульч Ликург нарын залгамж түүчээ болж “Хууль хэзээ хүмүүсийг хамгаална, тэр цагт хүмүүс хуулийг хамгаална” хэмээн ард олон чинь хүлээн суух болно.
Судлаач Ж.АМГАЛАН /99199647/