Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий таван ч яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарласнаар бүртгүүлсэн иргэд өнөөдөр /2016.09.12/ шалгалтаа өгч байна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн байранд авч буй юм.
Гэвч сонгон шалгаруулалт зарлахаас өмнө Төрийн нарийн бичгийн даргад нэр нь дуулдаж, гэргий нь лоббидож явна гэхчлэн “бор шувуу”-ны эзэн болоод амжсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын ажлын өрөөг эргүүлдэж, мөн хэсэг нөхөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын үүд сахин хөшилдсөн нь “Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл дээр биш Төрийн ордонд хийчихэв үү” гэх хардлагыг дагуулахаар байв. Үгүйсгэхэд бэрхтэй.
Яагаад гэвэл Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авдаг ч тодрох хүн нь тодорхой, урдаас төлөвлөгдөж, зохицуулчихсан байдаг тухай эрх барьж буй намын гишүүн нэгэнтээ ам алдчихсан. Нэрийг нь хэлэхээс наахнуур нутгийг нь тодорхойлчих шахам шалгуур гаргаж тавин, захиалга өгдөг тухай тэрбээр тодотгосон байсан юм.
Тэгэхээр нэг хэсэг нь одоо Төрийн албаны зөвлөл дээр шалгалт өгөөд оволзож байдаг, нөгөө хэсэг нь шинэ албаа баталгаатай араанд нь хийчихээд Төрийн албаны шалгалт өгсөн бол яах вэ?
Шалгалт өгсөн үү, өгсөн, Төрийн албаны зөвлөл шалгаруулсан уу, шалгаруулсан. Харахад бол хуульд заасны дагуу бүх зүйл болсон мэт харагдана.
Сануулахад, шалгалтад онц, сайн дүн авч, Төрийн нарийн бичгийн даргын болзол хангасан нэр дэвшигчдийн асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хурлаар ирэх пүрэв гаригт буюу есдүгээр сарын 15-нд хэлэлцэх гэсэн. Хэн, хэн тодорч, Төрийн нарийн бичгийн даргад тэнцсэн нь энэ үеэр олон нийтэд албан ёсоор ил болно гэсэн үг.
Засгийн газраас ирүүлсэн саналаар бол эхний ээлжинд Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар тодрох учиртай.
Г.ХОРОЛ