“Удахгүй төрөх царайлаг хүүхэд үрчлүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

“Удахгүй төрөх царайлаг хүүхэд үрчлүүлнэ”

Яг ийм зар хэвлэлээр цацагдсан гэвэл та итгэх үү. Есөн шидийг зарлуулах болсон өнөө цагт хүмүүсийн анхаарлыг нэг их таталгүйгээр цацагдаад өнгөрсөн энэхүү зар Монгол Улсад хүний наймаа гэх аймшиг жинхэнэ утгаараа нүүрлэснийг илтгэж байгаа юм. Хүүхдээ, тэр дундаа хорвоод мэндэлж ч амжаагүй, эхийнхээ хэвлийд торниж буй үрээ худалдахдаа тултлаа бид ялзарчээ. “Гадаад эцэгтэй, царайлаг хүүхэд удахгүй төрнө. Хоёр өрөө байрны туслалцаа үзүүлсэн хүнд үрчлүүлнэ” гэсэн зарын эзэн монгол бүсгүй та бидний дунд аж төрж байгаа. Магад надтай, тантай найзалж үерхэж, бүр ойртон дотносож явна.

Хүүхдүүдийг өдрийн 5-10 мянган төгрөгөөр түрээслэн гуйлга гуйлгадаг болжээ

Эхийнхээ хэвлийд бүрэлдэж байхдаа л худалдаалагдаж буй монгол хүүхдүүдийн хувь заяа үнэхээр хөөрхийлөлтэй болжээ. Хүүхдээ өрийн барьцаанд өгч, хөдөлмөр эрхлүүлж байгаа эцэг эхчүүд цөөнгүй бий гэнэ шүү. Ялангуяа хөдөө орон нутагт чинээлэг нэгнээсээ мөнгө төгрөг, мал хуй зээлээд хөлсөнд нь хүүхдээ ажиллуулдаг байна. Хурдан морины унаач хүүхдүүдийн цаана ч мөнгө төгрөгийн өгөө аваа байхгүй гэх газаргүйг судлаач, шинжээчид  тодотгож байна.

Хот орон газарт ердийн мэт дассан үзэгдэл бол хүүхдийн гуйлга. Хүүхдээ тэврээд гуйлга гуйх, хүүхдээрээ гуйлга гуйлгах нь хүний наймааны бодит жишээ гэж хүний эрхийн байгууллагынхан онцолж байна. Хүүхдүүд өөрсдийн хүслээр, эс бөгөөс амьдрахын тулд гуйлга гуйдаггүй, эцэг эхчүүд нь хүүхдээ өдрийн 5-10 мянган төгрөгөөр түрээслүүлэн гуйлга гуйлгадаг болжээ. Хүүхдүүдийн гуйлгын мөнгөөр хөлжсөн баян эрийн дүрийг хошин шог, киноны дэлгэцээс харж байсан маань өнөөдрийн бодит амьдрал болчихно гэж хэн санах билээ. Гадаадын улс оронд бол энэ төрлийн бизнес бүр цэцэглэсэн байдаг. Тайландад 100 гаруй хүүхдийг өдрийн 25 ам.доллараар түрээслэн гуйлга гуйлгадаг бүлэглэлийг саяхан  илрүүлжээ. Тэд бусдад өрөвдөх сэтгэл төрүүлэхийн тулд хуучин муу хувцас өмсгөдөг төдийгүй зодож занчиж, зэрэмдэглэх тохиолдол элбэг байдаг гэнэ. Хүүхдийг бизнес эрхлэх золиос болгож буй бусармаг үйлдлийг таслан зогсоохгүй бол аль хэдийнээ харанга дэлдээд эхэлснийг мэргэжилтнүүд санууллаа.

Асрамжийн газраар дамжин гадагш худалдаалагдсан хүүхдүүд

Хүний наймаанд өртөж, хэлмэгдэж мэдэх онцгой бүлэг бол хараа хяналтгүй орхигдсон хүүхдүүд. Орон гэрээсээ дайжсан, асрамжийн газар бараадсан хүүхдүүдээс хэд хичнээн нь  гадагш хүний наймааны золиос болж байгааг тогтоосон тодорхой тоо одоогоор алга. Асрамжийн газраар дамжин хүний газар, гүний хошуунд очоод боолын хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй таарсан тохиолдол бий ажээ. Австри улсын хохирогч хамгаалах байранд Монголын 15 хүүхэд асруулж буйг тус хамгаалах байрын дарга мэдээлсэн байна. Очоод уулзвал 15-18 насны хүүхдүүд байсан бөгөөд тэдний хэн нь ч аль асрамжаар дамжин Австрид очсоноо хэлээгүйн дээр Монгол руугаа буцахыг огт хүсээгүй байх юм. Тэдгээр хүүхдүүд шиг асрамжийн газраар дамжин гадаадад гарсан хүүхдийн тоо хэд вэ, тэдний хэд нь эх орондоо эргэн ирж байгааг тоолж тооцсон нь нэгээхэн ч үгүй.

Эцэг эхтэйгээ хамт амьдардаг хүүхэд хэдхэн цаг, хамгийн ихдээ нэг хоног гэртээ ирэхгүй бол эрж хайж эхэлдэг бол хараа хяналтгүй хүүхдүүд, асрамжийн газарт аж төрж буй хүүхдүүдийн араас хэн ч санаа тавихгүй байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болжээ.

11 хүний нэг нь гадаад хөдөлгөөнд оролцдог

Энэ мэтчилэн хараа хяналтаас гадуур хүний наймаа, хууль бус үйлдлийн золиос болж буй хүүхдүүдийг хамгаалах  хууль эрхзүйн орчин манай улсад хангалттай бий. Харамсалтай нь  хэрэгжүүлдэггүйгээс  болж, Монгол Улс хүний наймааны гаргагч, дамжуулагч улс болон бүртгэгдээд байна.  Хүний наймааны чиглэлээр гаргадаг  тайлан илтгэлүүдэд монгол иргэд хилийн чанадад худалдаалагдаж байгаагийн зэрэгцээ гадны худалдаалагдсан хүмүүсийг дамжуулан өнгөрүүлж байгаа,  цаашлаад хүлээн авагч улс  болсон байх магадлалтайг тодотгосоор байгаа юм.  1999 оныг хүртэл Монгол Улс зөвхөн дамжуулагч улс байжээ. Тухайн үед Монголын нутаг дэвсгэр дээр хүний наймаа үйлддэгддэгүй, хүн амаа гадагш худалддаггүй улс  байв. Харин 1999 онд хоёр монгол эмэгтэй Югославт худалдаалагдаад Гадаад хэргийн яамаар дамжуулан эх оронд нь эсэн мэнд авчирснаас хойш Монгол Улс гаргагч улс болон бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар монголчууд гадаадын 14 улс оронд худалдаалагдсан иргэдийг эх орондоо буцаж ирэхэд тусалсан гэдгээ “Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн хэлж байгаа юм. Тэгвэл зарим нэг мэргэжлийн байгууллагын бүртгэлээр монгол хүн гадаадын 26 улс, оронд худалдаалагдсан гэсэн баримт байдаг ажээ. Энэ тоо үүнээс ч өндөр гарах магадлалтай. Албан бус тоогоор Монгол Улсын 260 мянган иргэн дэлхийн 140 улсад ажиллаж амьдарч, сурч  буй юм. Энэ тоог гурван сая хүн амдаа хуваан үзэх юм бол 11 хүн тутмын нэг нь гадаад шилжилт хөдөлгөөнд  орж, гадны улс оронд амьдарч байна. Харин тэд маань хэрхэн аж төрж байгааг хэн ч таашгүй байгаа. Хэн хаашаа явсан, хэзээ ирэх, амьдралын баталгаа нь хангагдсан эсэхэд хариулт өгч чадах хүн одоогоор алга байна.

Монгол хүмүүс Азийн улс орнууд руу бэлгийн мөлжлөгийн замаар, Европын улс орнууд руу хөдөлмөрийн мөлжлөгийн чиглэлээр  голчлон худалдаалагддаг ажээ. Эрчүүдийг хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр хулгай дээрэм хийлгэх зэргээр ашигладаг бол охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг байх юм. Азийн орнууд тэр дундаа БНХАУ, БНСУ руу зуучлалын гэрлэлт нэрээр бэлгийн мөлжлөгт оруулах нь түгээмэл. Зуучлалын гэрлэлт 2002 оноос эхлэн бүртгэгдсэн байх бөгөөд 2007 онд оргил үедээ хүрч, жилд 976 монгол эмэгтэй зуучлалаар гэрлэж, харийн бэр болж байжээ. Харин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсаар 2014 онд 106 эмэгтэй Солонгос нутгийн бэр болжээ.

Жич: Энэхүү нийтлэлийг  “Хүйсийн тэгш эрх” төвөөс бэлтгэсэн мэдээлэл ашиглан бичсэн болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж