Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ айлчлалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөртэй товч ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар болсон байна. Айлчлалын талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм. Товчхон хэлбэл хуучны анд Куба Улстай харилцаагаа сэргээх таатай үйл явдал болно гэж айлчлалыг дүгнэж болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг Куба Улсад хэзээ урьсан бэ?
-Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д болсон Ялалтын баярын 70 жилийн ойд урилгаар оролцох үеэр Монгол, Куба хоёр орны Төрийн тэргүүн нүүр тулан уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Куба Улсад айлчлахыг урьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын боломжийг харж байгаад НҮБ-ын чуулганд оролцохоор явах замдаа тус улсад айлчлахаар болж байна.
Өмнө нь 1970 онд Рауль Кастро БНМАУ-д айлчилж байсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал бол үндсэндээ тавин жилийн турш хүлээгдэж байсан айлчлал гэж хэлж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь тэргүүн дипломатч, дэлхийн хэмжээнд гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлдөг гэдэг утгаараа тавин жилийн дараа Монгол-Кубын харилцааг сэргээн хөгжүүлэх чухал айлчлалыг хийх гэж байна.
Монгол Улс саяхан АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, дэлхийн тавцанд Монголын нэр улам өндөр болж байна. Хуучны анд Кубатай харилцаагаа сэргээх нь Монгол Улсын гадаад харилцаанд мөн чухал үйл явдал болох юм.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ямар гол үйл явдал болох вэ?
–Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын Төрийн тэргүүнтэй уулзана. Мөн Кубын Гаванын их сургуульд лекц унших юм. Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ким Ил Сений нэрэмжит их сургууль, Мьянмарын Янгоны их сургуульд лекц уншиж байсныг санаж байгаа байх. Дашрамд дурдахад, Куба Улсад хийх айлчлалыг оролцуулбал Куба, БНАСАУ, Мьянмар улсад гурвууланд нь айлчилж, их сургуулиудад нь лекц уншсан цорын ганц Төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч болж байгаа юм.
Д.ЦЭНГЭЛ