Өнгөрсөн дөрвөн жил засгийн эрх барьж байсан Ардчилсан нам өнөөгийн парламентад ердөө есхөн суудалтай үлдсэн юм. Ингэснээр ирэх дөрвөн жил Ардчилсан нам сөрөг хүчний байранд шилжиж, Ардын нам ачааны хүндийг үүрэхээр болсон билээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, орон тооны бус 21 зөвлөхтэй болсоноо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр есхөн гишүүнтэй бүлэгт 21 хүн зөвлөхөөр томилогдсон байх юм. Тэр тусмаа нөгөө л Портуун, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Б.Болор, З.Энхболд гээд Ардчилсан намын нэр нүүрээр тоглож, гудамжинд лааз өшиглөхөд хүргэсэн хүмүүс УИХ-ын бүлэгтээ зөвлөнө гээд сууж байгаа нь үнэндээ ичмээр биш гэж үү?!.
Харамсалтай нь, эрх мэдлийн тойргийн гадна үлдсэнээ Ардчилсан намын экс дарга нар өнөөдөр ч ойлгож байгаа янзгүй, УИХ дахь АН-ын бүлгийг араас нь удирдахаар улаан цагаан санаархаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, орон тооны бус 21 зөвлөхтэй болсоноо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр есхөн гишүүнтэй бүлэгт 21 хүн зөвлөхөөр томилогдсон байх юм. Тэр тусмаа нөгөө л Портуун, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Б.Болор, З.Энхболд гээд Ардчилсан намын нэр нүүрээр тоглож, гудамжинд лааз өшиглөхөд хүргэсэн хүмүүс УИХ-ын бүлэгтээ зөвлөнө гээд сууж байгаа нь үнэндээ ичмээр биш гэж үү?!.
Өнгөрсөн дөрвөн жил өөр хоорондоо зодолдож, намынхаа нэр нүүрээр туг тахиагүй бол тугал хариулахгүй байх боломж байсан. Ядахнаа өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн албан бус зөвлөх гэсэн хөгийн сэтэр зүүх биш албан ёсны гишүүн байх байсныг хэн мэдлээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Тэгээд ч АН-ын бүлгийнхний үгийг чуулганы хуралдаан дээр Ардын намынхан ядаж л “гөлөөг” ч гэж тоодоггүй шүү дээ. Ёстой л “Жингийн цуваа явж л байдаг, ямар нохой хуцаж л байдаг” гэдэг шиг л ханддаг нь худлаа биш.
Угтаа бол Ардчилсан намд ард түмэн аль хэдийнэ дүнгээ тавьсан. Энэ удаа эрх мэдлийн гадна үлдэж намаа шинэчлэх, цаашлаад өөрсдийнхөө алдааг дүгнэж өөрчлөгдөх том даалгаварыг Ардчилсан намд ард түмэн өгсөн гэж хэлж болно. Шорвог ч гэсэн хувь заяагаа дагаж, гашуун ч гэсэн үнэнтэйгээ эвлэрч, үсгүй болтлоо арчуулах дөхсөн өнөөгийн Ардчилсан намд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах хийгээд ялагдлын шалтгаанаа эрүүлээр ярилцаж, намынхаа шинэчлэлийг эвээр шийдвэл өөрсдөд нь хэрэгтэй. Түүнээс өнгөрсөн эрх мэдэлтэйгээ зууралдаад байвал Ардчилсан нам шинэчлэгдэх нь бүү хэл салхивчаар нь салхи ч орж чадахгүй гэсэн үг.
Ядаж л МАН шиг 26-уулаа, байнгын хороод болон чуулганы хуралдааныг бойкотлох боломжтой сөрөг хүчин байсан бол бас яая гэхсэн. Тав хоногийн завсарлага авахаас өөр эрхгүй, баахан “баг алаач”-даар зөвлүүлсэн бүлэгтэй байснаас бүр тараачихвал яасан юм бэ, С.Эрдэнэ дарга аа. Учир нь намаа ялагдалд хүргэсэн хуучин дарга нарынхаа толгой хоргодох оромж, эрх мэдлийн төлөөх хор ховоо найруулах хошин жүжгийнх нь тайз болж явснаас л дээр шүү дээ.
Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын хуучин дарга нарын хувьд УИХ дахь бүлгийнхээ “жижигхэн” эрх мэдлийг булаацалдаад байх хэрэггүй. Намдаа ч, бүлэгтээ ч аль, алиндаа ашиггүй.
Сонгуулийн дараахан хариуцлагаа хүлээхээ амалсан Ардчилсан намын дарга нар эрх мэдэл, албан тушаалтайгаа байгаа гэж арай эндүүрээгүй биз. Хэдийгээр Ардчилсан намын экс дарга нар наанаа албан тушаалаа өгсөн боловч цаанаа нам дахь эрх мэдэл нь хэвээр, УИХ дахь бүлгийнхээ жижиг эрх мэдлийг хуваалцах сонирхолтой байгаа нь эндээс илэрхий байна. Уг нь өдийд Ардчилсан нам ҮЗХ-гоо хуралдуулж, намын дүрмээсээ эхлээд бодлогоо өөрчлөх, үүр хороодоо шинэчлэх гээд илүү том, илүү чухал асуудалдаа санаа тавих ёстой байлаа.
Түүнээс бүлгийнхээ 9 хүнд 21-үүлээ зөвлөлөө гээд Ардчилсан нам УИХ-д 30 кноптой болчихгүй юм. Ардчилсан нам хэрэв энэ мэтээр алдаагаа дахин, дахин давтсаар байвал ахиад лав арван жил гудамжиндаа лааз өшиглөж мэдэх л юм шүү.