Босогчид Брега хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Босогчид Брега хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна

Ливийн босогчид Брега хотын зүүн хэсэгт Муаммар Каддафийн цэргийн хүчинтэй тэмцэж эхэллээ. Брега хотыг хяналтандаа барьж байгаа засгийн газрын хүчинтэй харьцуулахад босогч иргэдийн тэмцлийн хүч сулдаж байгаа ч босогчид бууж өгөлгүй давшсаар байна. Ливийн хамгийн том газрын тосны нөөц оршдог уг хотыг эзлэн авах нь босогчдын зүгээс Каддафийн хүчинд өгөх хамгийн том цохилт юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш төрийн эрхийг удаан хугацаанд атгасаар ирсэн Муаммар Каддафийн эсрэг бослого, тэмцэл өрнөж байх үеэр нийслэл Триполь хотоос зүүн тийш 750 км зайд оршдог Брега хотын удирдлагууд хэд хэдэн удаа солигдсон явдал нь босогчдын хувьд тогтворгүй байгаа уг хотыг хамгийн тохиромжтой бай болжээ.

Одоогоор босогч, тэмцэгчдийн дундаас 127 хүн шархдаад байгаа ч тэд хотын зүүн хойд хэсгийг чөлөөлж, баруун урд хэсэг рүү шилжихээр зэхэж байгаа ажээ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд НАТО-гийн хүчин Брега хотын ойролцоох Каддафийн цэргийн хүчин рүү удаа дараа агаараас довтолж байна. Босогчид тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа ч Каддафи бууж өгөхөөс татгалзсаар байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл хийх үеэрээ босогчдыг улсын эсрэг урван тэрслэгчид хэмээн нэрлэж, Ливийг орхихыг шаардсан босогчдын шаардлагыг ямар ч тохиолдолд хүлээж авахгүй гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж