Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс есдүгээр сарын 12-ны өдөр буюу өчигдөр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээрээс зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Дээд бодь хийдийн урд замд “N.Tidda” маркийн авто машины жолооч “Howo ZZ1257” маркийн жолоочтой авто машинтай мөргөлдөж, жолооч 26 настай эрэгтэйн амь нас хохирч 23 настай эмэгтэй гэмтсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн “нутаг Хангай хотхоны 503- р байрны урд замд “N.X-Trail” маркийн авто машины жолооч хичээлээ тараад ганцаараа явж байсан найман настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн бол Хан-Уул дүүргийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд “T.Prius” маркийн авто машины жолооч есөн настай эгчийн хамт явж байсан дөрвөн настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав, явган зорчигч дөрөв байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлжээ.
А.Сүрэн