Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар сард нэг удаа мэдээлэл хийхээр болж, өнөөдрөөр эхэлж байна. Энэхүү үйл ажиллагаанд Консулын газрын захирал Я.Ариунболд тэргүүтэй холбогдох албаныхан байлцсан юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 13 асуудал тусгагдсан. Монгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай байдаг. Энэхүү харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх зорилго тавьсан. Нэг ч гэсэн бизнес эрхлэгчдээ түнш олж өгөхийн төлөө ажиллах үүргийг дипломат төлөөлөгчийн газарт өгсөн. Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг үүгээр дүгнэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад сурталчилах, давтагдашгүй соёлын өвийг соёлын илч төлөөлөгчөөр дамжуулан сурталчилах ажилд онцгой анхаарах үүрэг даалгаврыг УИХ, Засгийн газраас өгсөн. Гуравдугаарт, Гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 мянган иргэний эрх ашгийг хамгаалах асуудал юм. Ингэхдээ гадаадад байгаа Монгол хүн бүр Монгол төрийн хайр ивээлийг хүртдэг нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарна. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажил нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид хоёр их гүрэнтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл хэрэгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ч ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, УИХ болон Засгийн газарт тайлагнах болно” гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Консулын газрын дарга Я.Ариунболд сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс Гадаад харилцааны яам ямар ажил хийх вэ?
-Монгол Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээр олон жил хүлээлттэй байсан. Сая Канад улсын парламентын нийтийн танхимын дарга айлчлах үеэр гарын үсэг зурагдсан. Ер нь бол гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн чухал асуудал бол эрх зүйн орчин болоод хүний нөөц тогтвортой байх явдал юм.
-Өмнөд Солонгос улсын виз хөнгөвчлөгдсөнтэй холбогдуулан визны хугацаа хэтрэлт нэлээд их байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Солонгос улс руу гарах хүсэлтэй 50 мянган иргэн нэг жилд виз мэдүүлдэг. Үүнийг хариуцан ажиллаж байгаа Солонгосын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар 95 хувьд нь виз олгосон байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг сард дунджаар 360 хүн визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна. Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа улс орныг Монгол Улс тэргүүлж байна. Үүнээс болоод визны нөхцлийг хөнгөвчлөх асуудал ярвигтай болно. Өөрөөр хэлбэл зөвхөн өнөөдөр маргаашаа бодож үлдээд байгаа хүмүүсийн нөлөөгөөр виз хөнгөвчлөх нөхцлийг удаан үргэлжлүүлэхэд амаргүй болж байна гэсэн үг юм.
-Казакстан улсад иргэншил авсан иргэдийг Монгол Улсын иргэншлээс хасах ажил нэлээд удаашралтай байна гэдэг. Одоогийн байдлаар хэдэн иргэн Казакстан, Монголын давхар иргэншилтэй байна вэ?
-Казакстан улс өөрийн үндэсний эв нэгдлийг илэрхийлээд бусад улсаас өөрийн үндэсний иргэдээ хүлээж авсан. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас 40 гаруй мянган хүн тус улсын иргэн болсон. 1990-ээд оны сүүлээр 25 мянган иргэн хоёрдмол харьяалалтай болчихоод байсан. Учир нь, Монгол Улсын харьяатаас гарч амжаагүй байхад Казакстаны иргэн болоод байсан учраас тэр юм. Үүнийг шийдэхийн тулд Казакстан улстай зөвлөлдөх уулзалт хийдэг. Одоогийн байдлаар 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдсэн байдаг. Үүнийг шийдэж байна гэв.