ЗГ: Уул уурхайн салбарыг дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.09.13-нд нийтлэгдсэн

ЗГ: Уул уурхайн салбарыг дэмжиж ажиллана

Засгийн газар байгуулагдсан цагаас хойш салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцож байгаа юм. Энэ удаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар уул уурхай, эрчим хүчний салбарын 100 гаруй төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирсэн төлөөлөгчдөд хандаж үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 26 орчим их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй үйл ажиллагаа явуулах тооцоолол гарсан. Үүнээс 12 их наяд төгрөг нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жил Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тал хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт зарцуулагдана. Тэр хэрээрээ тодорхой хэмжээний бүтээмж гарна гэсэн төсөөлөлтэй байна. Энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дараа дараагийн уулзалтаар үр дүнгээ тооцдог байя. Нэгдсэн уулзалтаас салбарын бодлогын түвшин дэх уялдаа холбоог гаргаж ярилцдаг байх нь чухал гэж үзэж байна” гэлээ.


МАК-ийн захирал Б.Нямтайшир:

-Улс орны эдийн засаг хүнд байна. Тиймээс аж үйлдвэрийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Профессор Д.Дондов:  

-Уул уурхайн эрх зүйн орчинд нэг том алдаа байна. Тэр нь юу вэ гэхээр хайгуул хийгээд юу ч олсон чиний өмч гэсэн утга бүхий заалт байдаг. Үүнийг эргэж харах ёстой. Сүүлийн үед анзаараад стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг төр эзэмшинэ гэж нэг өгүүлбэр оруулсан. Гэхдээ оруулсан хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ гэдэг.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний ордоос олборлолтын өртөг дэндүү өндөр байна.  

Гуравдугаарт, Бид Эрдэнэт, Багануур үйлдвэрүүдийг ашиглаад хоёр том хот байгуулсан. Гэтэл “Оюутолгой”-г хэрхэн ашиглаж байна вэ? юу ч алга байна шүү дээ. “Оюутолгой”-г олборлоод дуусвал юу үлдэх вэ? Бурантагтай тэмээ үлдэнэ. Энэ бүгдийг анхаарч үзээч гэж санал болгож хэлж байгаа юм.

Төрийн бус байгууллагын төлөөлөл, н.Мягмарсүрэн:

-Өнөөдөр эрчим хүчний салбарт чадлын дутагдал өвлийн оргил ачааллын үед илт мэдрэгддэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нийт хэрэглээний 80 хувь дотоодын эх үүсвэрээр, 20 хувь нь гадны эх үүсвэрээр хангаж байна. олон жил дамнаж томоохон эх үүсвэртэй болох асуудал яригдсан ч , баригдахгүй байгаа юм. Мэдээж хэрэг хөрөнгө санхүү, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой. Хэрэв эрчим хүчний салбар хэвийн байдлаар хөгжөөд явсан бол бид “Оюутогой”-д өгч байгаа эрчим хүчний эх үүсвэрийг өөрсдөө хангаад түүнээс ашиг хүртээд явах бүрэн боломжтой байсан. Хамарсалтай нь ингэж чадсангүй. Ер нь төр засаг аливаа боломжийг нэг алдах юм бол дахиж олддоггүй гэдэг нь эрчим хүчний салбарт ажиглаглагдаж байна. Энэ сургамжаас санаа авч яаралтай эрчим хүчний томоохон үүсвэрийг бий болгох шаардлагатай байна.

Монголын эрчим хүчний ассицаци” ТББ-ын тэргүүн Г.Пүрэвдорж:

-Улсын эрчим хүч чадлын дутагдалд орж хөлдөөх түвшинд хүрсэн. Иймээс Ерөнхий сайд та хоёрхон тууз хайчлаасай гэж хүсэж байна. Концессоос татгалзаж нэг л дулааны цахилгаан станцийг яаралтай бариад, эхний дулаан үйлдвэрлэлийн туузыг хайчлаасай гэж хүэж байна. Ялангуяа дулааны цахилгаан станцид концесс байж болохгүй юм шүү.

“Хасу Мегаватт” компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш:  

-Манай компани бол эрчим хүчний үндэсний компани юм. Сүүлийн үед эрчим хүчний хувийн хэвшлүүд дээр төрөөс дэмжих бодлого гэж ярьдаг ч ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Гэхдээ хүндрэл ярьмааргүй байна. Монгол оронд маш эс нүүрсний эх үүсвэр байна. энэ их үүсвэрийг ашиглаад аваад явах, концессын гэрээгээр хийх хүсэлтэй хувийн аж ахуй нэгж цөөнгүй байдаг гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж, дэвшилтэд технологийг ашигладаг болохыг дэмжих хэрэгтэй.

Ийнхүү уул уурхай, эрчим хүчний салбарын төлөөлөл саналаа хэллээ. Тэдний саналыг анхааралдаа авч үзэнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болоод ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар хэллээ.    

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж