Цэцэрлэгийн хүүхдүүд нэгийгээ хазсан “хэрэг”-ийг нийгэм олон талаас нь хүлээж авлаа. Учир мэдэхгүй хүүхдүүдийн гаргасан үйлдлийн араас хүмүүжил, хүний эрх, хүчирхийллийн хууль, цэцэрлэгийн хүрэлцээ, багшийн хариуцлага гээд олон сэдэв хөндөгдөж байх шиг.
Дөрөв хоногийн өмнө "Mommy central" группт нэгэн эмэгтэй “Хоёр настай дүү маань цэцэрлэг дээрээ гурван настай хүүхдэд хазуулж, зодуулан ийм болжээ” гэсэн утгатай мэдээллийг хөх, улаан болтол хазуулсан шарх, сорвитой хүүгийн зургийн хамт оруулснаар энэ тухай олон нийтэд тарсан юм.
Бидний тодруулж мэдсэнээр хүүхэд нэгэндээ хазуулж гэмтсэн энэ үйл явдал Улаанбаатар төмөр замын харьяа, дугаар цэцэрлэгт болжээ. Хоёр хүүхдийн хүмүүждэг анги хоёр багштай, 50 гаруй хүүхэдтэй. Хэрэг болдог өдрийг эх сурвалж тодорхой мэдээлээгүй ч хазуулсан хүүгийн бие дэх шарх бүрэн эдгэсэн гэлээ. Харин хөвгүүдийн ангийн багш нарыг хариуцлага алдсан хэмээн үзэж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг удирдлагууд нь гаргасан байна.
Бага, дунд бүлэгт дунджаар 20, дээд тал нь 30 хүүхэд хамрагдах ёстой байдаг ч энэ цэцэрлэг бусад олон олон цэцэрлэгийн жишгээр ангидаа 50 хүртэл хүүхэд дүүргэж авчээ. Анги дүүргэлт хэтэрсэн ч эцэг, эхийнх нь хүсэлтээр хүлээж авсан хүүхдүүдийн нэг нь цэцэрлэг дээрээ хазуулж хохирсон хоёр настай хүү аж. Болж өнгөрсөн үйл явдал, эгчийнх нь оруулсан зурагтай сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр тарж, холбогдох шатны байгууллагуудын анхааралд орсны дараа “хохирогч” хүүгийн ар гэрийнхний зүгээс цэцэрлэгийн удирдлагуудад гомдолгүй гэсэн тайлбар өгч, багш нарыг ажилд нь үлдээхийг хүсчээ.
Ийм үед багшийн хариуцлагын асуудал яригдах нь зүй ёсных ч 50 хүүхдийн дунд ажиллаж байгаа хоёр багшийн ачаалал, хариуцлагын аль аль талыг нь зэрэгцүүлж харах нь өнөөгийн нөхцөл байдалд арай илүү нийцэх байх.
Эцэг, эхчүүд нь хүүхдээ цэцэрлэгт явж л байвал яахав гээд багш нарт найдаж үлдээдэг. Багш нарын үүрэх ачаалал, ажил ихэдсэнээс болж анхаарал сулрах, хүүхэд нэгнээ бэртээх, өөрөө гэмтэх, цаашлаад үүнээс айхтар аюул осол болохгүй гэх баталгаа энэ тохиолдлоос харахад алга аа.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болж хэний ч өдөр тутмын амьдрал, амьжиргаа, гэр бүлд том, жижиг асуудал урган гарч ирдгийн бодит жишээ бол энэ.
Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байгаа гэсэн мэдээллийг наймдугаар сарын сүүлээр албаныхан өгчээ. Эдгээр хүүхдийн 101 мянгыг нь цэцэрлэгт хамруулах зорилго тавьсан гэж байгаа ч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгүүд 39-40 мянган хүүхэд хүлээж авах боломжтой гэдэг. Хувийн цэцэрлэгүүд дунджаар 25 мянга орчим хүүхэд сургаж байгаа. Ингээд тооцохоор цэцэрлэгт явах ёстой 145 мянган хүүхдийн гуравны нэг хэсэг нь гэртээ үлдэж, бусдыг нь багтаах гэж төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадал, боломж бололцоогоо хэтрүүлэн ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр хүүхдийн мөнгө мэтийн халамжийн шинжтэй олон амлалт, бэлэн мөнгө тараах шийдвэрүүд сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхэд нөлөөлсөн. Хүүхэд хүмүүжүүлэх цэцэрлэггүй, тэднийг сургах боловсон хүчин, байр савгүй байж бүхэл бүтэн нэг үеийг гаргуунд нь гаргасан бодлогогүй алхмуудын золиос нь өнөөдөр сугалаагаар цэцэрлэгт ордог, орсон хойноо анхаарал, халамжаар дутуу өсч байгаа нялх балчир хүүхдүүд болж байгааг нэг цэцэрлэг, хоёр багш, хоёр хүүхдэд тохиолдсон энэ үйл явдал харуулсан хэрэг. Хазсан, хазуулсан хоёр хүүхэд хоёулаа хохирогч гэдэг үнэн.
Б.БАЯСАХ