УИХ төсвийн тодотголыг эцэслэн баталж, ээлжит бус чуулганаа хаалаа

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

УИХ төсвийн тодотголыг эцэслэн баталж, ээлжит бус чуулганаа хаалаа

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгч, ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар 2017 оны төсвийг боловсруулахдаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байхаар оруулж ирэх болов. Харин Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлан УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрөгч баасан гаригт хаалаа. УИХ-ын ээлжит бус чуулган 12 хоног хуралдсан байна.
  • Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өчигдөр /2016.09.11/ 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон гефофизикийн хүрээлэнгээс хүлээн авчээ. Мөн уржигдар 11.59 цагт Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт 90 км-ын зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон ч иргэдэд мөн л чичирхийлэл мэдрэгдэлгүй өнгөрчээ.
  • Найман хувийн хүүтэй ипотекийн зээл бүр зогсоогүй гэдгийг Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдээллээ. Учир нь наймдугаар сард Монголбанкнаас арилжааны банкуудад ипотекийн зээлтэй холбоотой шалгалт хийх шаардлагатай болжээ. Ингээд шалгалтын хугацаанд ипотекийн зээлийг түр зогсоосон байна. Харин наймдугаар сард орон сууцны борлуулалт бага зэрэг өссөн дүн харагджээ. Энэ нь ипотекийн зээл зогсох шуум иргэдийн дунд тархсантай холбоотой гэж тайлбарлалаа. Одоогоор шинэ орон сууцны м.кв дундаж үнэ 2 сая 30 мянга, харин хуучин орон сууцны м.кв-ын дундаж нэг сая 80 мянга төгрөг байгаа юм.
  • Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнгөрөгч бямба гаригт /2016.09.10/ 21 дэх жилдээ тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүтэй Төрийн гурван өндөрлөг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна.
  • Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овогло хэрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Иймээс гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан эрхзүйн орчинтой болох саналыг удаа дараа Гадаад харилцааны яаманд илгээдэг байна. Тэгвэл удахгүй Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж, тооны хязгаар тавьсан давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэхээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдлээ.
  • 2016 оны БАЛДОРЖ шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Тэрбээр энэ жил "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, БАЛДОРЖ шагналын эзэн болcон юм.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Итгэл, найдвар, боломж – Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөгч бямба гаригт/2016.09.10/ боллоо. Бүх нийтийн гүйлтэд оролцогчид гурав, тав, 10, 21, 42 километрийн зайд гүйжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж