“Их 20” чуулга уулзалт ба Путин

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

“Их 20” чуулга уулзалт ба Путин

Дэлхий дахины хувьд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал Хятадын Ханжоу хотноо болсон Их-20 (G20) орны уулзалт байлаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байв. “Их-20”-ийн бүлэгт АНУ, Канад, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Франц, Бразиль гэх мэт эдийн засгаар тэргүүлэгч 19 орон болон Европын холбоо багтдаг. Чуулга уулзалтаар тэд олон улсын татвар, авлигын эсрэг бодлого, Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа, инноваци, геополитикийн мөргөлдөөн, дүрвэгсдийн урсгал, Их Британи улс Европын холбооноос гарсан нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх нь, терроризмын эсрэг тэмцэх санхүүжилт зэрэг асуудлаар тэргүүлэгч гүрний удирдагчид зөвшилцжээ.

2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед тэргүүлэгч улс орнуудын хамтын ажиллагаа чухал байснаас “Их-20”-ын уулзалт зайлшгүй хэрэгтэй байв. Үүнээс хойш “Их-20” орны чуулга уулзалтын үр нөлөө багассаар байна. Гэхдээ энэ нь дэлхийн улс төр, эдийн засгийн бодлого тодорхойлогч чухал эрхмүүдийн нүүр тулж уулзах завшаан болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадад зөвхөн гурван хүнийг хүлээн авч уулзсан нь Си Жинпин, Владимир Путин тэгээд Их Британийн шинэ ерөнхий сайд Тереза Мей нар байв. Барак Обама, Владимир Путин нар Сирийн мөргөлдөөн дахь АНУ, ОХУ-ын оролцооны талаар голчлон ярилцсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Өмнө нь 2014 онд Владимир Путин Австралийн Брисбэнд болсон “Их-20” орны чуулга уулзалтыг дундаас нь орхиж явж байсан юм. Харин Ханжоуд саатсан хоёр хоногт Владимир Путин олон хүнтэй уулзалт хийж амжжээ. Тэрбээр Ханжоуд Хятадын дарга Си Жинпин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман, Германы Канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах эль-Сиси, Их Британийн ерөнхий сайд Тереза Мей болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нартай ганцаарчилсан уулзалт хийжээ. Эдгээр уулзалтууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Ханжоуд “гол хүн” байсныг гэрчилж байна.

Чуулга уулзалтын өмнө есдүгээр сарын 3-нд Владивостокт Владимир Путин Японы ерөнхий сайд Шинзо Абе болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нартай уулзсан байв. Эцэст нь “Их-20” орны чуулга уулзалтын ачаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хандлагыг өөрчлөлгүйгээр олон улсын ганцаардуулах бодлогыг эвдэж чадсан гэж харж байна. Украины зөрчил мөргөлдөөнөөс үүдэн ОХУ нь олон улсын шүүмжлэлийн бай болж, Барууны хориг арга хэмжээтэй нүүр тулсан юм. Крым хойг ОХУ-д нэгдсэний дараа НАТО-тай хамтын ажиллагаагаа тасалж, “Их-8” орны бүлгээс “хөөгдсөн” ч Путины хүч нөлөө хэвээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж