-Есдүгээр сарын 23-ны баасан гаригаас есдүгээр сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Шөнийн 02:00 цагаас цагийг ухрааж, 01:00 цаг болгосноор улс даяар зуны хуваариас гарна гэж Стандартчилал хэмжилзүйн газраас мэдээлжээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл хийлээ.
-С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн байна. Хуулийн байгууллагын энэхүү шалгалт нь гүтгэлэгт үндэслэгдсэн, мөн хууль зөрчиж хийгдэж байна гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцолсон юм.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний найман сарын үзүүлэлтийг өчигдөр Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал нэг их наяд 808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард таван их наяд 371.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр өсчээ.
-Их Британийн тамирчин, агаарын спортын аялагч /дельтаплан ба параплан/, 53 настай Стив Нэш Монголд аялж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр Хангайн нурууны ноён оргилоос нисэх зорилготой Монгол Улсад наймдугаар сарын сүүлээр ирсэн аж. Гэтэл Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс наймдугаар сарын 31-ний өдөр түүний цогцсыг олжээ.
Улмаар Архангай аймгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг томилогдон, талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
-Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаcнаа мэдэгдлээ.
Авлигатай тэмцэх газар МАХН-ын дарга Н.Энхбаярыг худалдан авах гэрээгээр халхавчилж, бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөлгүй авч, залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож, өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, өнгөрсөн баасан гаригт баривчилжээ.
Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгаж буй бололтой.
-Нийслэл хотод 6000 өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг Эрчим хүчний яам гаргажээ. Уг асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Уг ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
-МАН-аас сонгуулийн дараа хүсэлт гаргасны дагуу хуулийн байгууллагынхан тус намын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн хэргийг шалгаж буй аж.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэргийг шалгаж дууссан бол гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэлээ.