Монголын тал нутагт намрын сэрүү унасан есөн сарын эхний өдрүүдэд Ази, Европыг холбон оршдог Турк улсад аялаад ирлээ. Субтропикийн бүсэд орших тул Турк улсад биднийг очиход өдөртөө 25-30 хэм дулаан, таатай цаг агаар угтсан юм. Турк нь монголчуудын визгүй зорчих орны тоонд багтдаг тул аялахад виз хөөцөлдөх гэх мэт түвэг, чирэгдэл учрахгүй.
Дэлхийн хамгийн олон хот руу нислэг үйлддэг “Туркиш Айрлайнес” компанийн онгоцоор Истамбул руу 10 цаг гаруй нисээд очно. Замдаа онгоц 4-5 цаг нисээд Киргизстаны Бишкек Манас онгоцны буудалд бууж, түлшээ сэлбээд 30 минут хэртэй хүлээгээд цааш нисдэг юм байна. Хэрэв том онгоцоор нислэг үйлдвэл замдаа Бишкект зогсох шаардлагагүй 7 цаг нисээд Истамбулд газардах боломжтой аж. “Туркиш Айрлайнес” компани 2012 оноос хойш Улаанбаатар-Истамбулын чиглэлд нислэг үйлдэж байгаа аж. Нислэгийн үеэр VIP тусгай зэрэглэлийн суудлын хоолны үйлчилгээгээр тэргүүлэгч “Turkish DO & CO” компанийн бэлтгэсэн халуун хоолоор үйлчлэх аж. Тус компанийг Австрийн “DO & CO” болон “Туркиш Айрлайнес” компанийн хамтран 2007 онд байгуулжээ.
Бид Истамбулын Европ эргийн Бакиркоя дүүрэгт орших Ататурк олон улсын нисэх онгоцны буудалд оройн таван цагийн үед газардсан юм. Нисэх буудалд богино юбка, цээж задгай подволк өмссөн трансжендер залууг хараад Турк улс исламын шашинт орон боловч шашны хатуу дэг журамгүй, маш чөлөөтэй юм гэж бодогдсон. Турк эмэгтэйчүүд голдуу гоёмсог толгойн алчуур боосон байх агаад буркини өмссөн нь ихэвчлэн араб бүсгүйчүүд байх аж. Истамбулд олон тооны исламын сүм хийд байх бөгөөд мөргөлийн цаг болоход сүмийн оройд байрлуулсан чанга яригчаар дуу явж мэдэгдэнэ. Биднийг Истамбулаар аялах үед мөргөлийн дуу хэд хэдэн удаа явсан боловч мөргөл үйлдэж байгаа хүн харагдсангүй.
Истамбулд нийтийн тээвэр, зам харилцаа үнэхээр сайн хөгжсөн нь яах аргагүй нүдэнд тусч байна билээ. Истамбулын Ази, Европ эргийг холбох усан доогуурх тунелийн ажил үргэлжилж байв. Энэ тунел ашиглалтад орсноор илүү богино хугацаанд хоёр эргийн хооронд зорчих боломж нээгдэх аж. Улаанбаатарт хаа сайгүй тааралдах том, том жийп машин Истамбулд маш цөөн харагдсан. Тэд монголчууд шиг тансаг хэрэглээг чухалчилдаггүй бололтой. Истамбулд очсон гадаадын жуулчид заавал Босфорын хоолойгоор аялдаг байх. Оройн нар шингэх үед хөлөг онгоцоор аялж, цагариган боовоор цахлай хооллож, сэвэлзүүр салхинд илбүүлэх нь сэтгэлд ер бусын тайван байдлыг мэдрүүлнэ.
Туркэд төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа аялж байгаа болохоор нөхцөл байдал ямар байгаа бол гэдэг сонирхлыг минь ихэд татаж байв. Гэтэл нисэх онгоцны буудалд ганц, хоёр буутай цагдаа зогссоноос өөрөөр түгшүүр төрүүлэх зүйл Истамбулд байсангүй. Ард түмний амьдрал урьдын адил үргэлжилж, хаа сайгүй шинээр барилгын ажил өрнөж байхтай тааралдлаа.
Турк нь 1923 онд БНУ болон тусгаар тогтнолоо олсноос хойш шашин төр хоёрыг ангид болгож хэвшүүлжээ. Өнөөдөр үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан аж. Таван жилээр сонгогддог ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай байна. Харин Режеп Тайип Эрдоган 2014 онд төрийн тэргүүнээр сонгогдсоноор бэлгэдэл төдий ерөнхийлөгчийн үүргийг нэмэгдүүлэхийг хичээж байна. Магадгүй түүний цэргийнхний эрх мэдлийг хяналтдаа авах гэсэн оролдлого төрийн эргэлт гарахад нөлөөлсөн байж болох. Туркэд өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гарах үед ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалжээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа хүмүүс сайн дураараа гудамжид гарч хуягт танкийг хаан зогссон гэх. Хар амиа хойхоолохын оронд туркийн ард түмэн эвлэлдэн нэгдэж тэмцсэнээр төрийн эргэлтийг зогсоож чаджээ.
Б.АНХТУЯА