Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэсэн ардын үг бий. Сүүлийн үед улс төрийн хүрээнийхэн алдсан амнаасаа болж, багагүй баалуулах болжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс эхлээд санаандгүй /мэдээж санаатайгаар тийм болчимгүй үг хэлэхийг хэн хүсэх вэ/ унагасан үгнээсээ болж, олны анхааралд өртөөд амжсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд нь тариаланчид, ногоочид, хадланчдадаа итгэхээсээ илүүтэй гандан хийдээс 1000 лам залж, ном хуруулахыг илүүд үзсэн зэрэг урьд өмнө сонсогдоогүй сонин хачин гаргалгаанууд чих дэлсэх болжээ.

Цаг агаарын бэрхшээл байлаа ч түүнийг даван гарах аргыг шинжлэх ухааны үүднээс эрж хайхаасаа өмнө сүсэг бишрэлийн үүднээс асуудалд хандаж байгаа нь гайхал төрүүлнэ.

Тэдний тарьсан дуулиан шуугиан намжаагүй байтал УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хачирхалтай яриа залган авлаа. MGL radio-гоос бэлтгэсэн “100 асуулт&100 хариулт” нэвтрүүлгийн ээлжит дугаарт уригдахдаа хэлсэн үг түүнийг олны доог тохуу болгож орхижээ. УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа Сансрын тойрог орчимд Тумбааш нэртэй хөшөө, Амгалан, Чулуун овооны тойрогт банхар нохойгоор хүрээлүүлсэн  арслангийн дүрс бүхий хөшөө босгож, төсвийн мөнгийг үргүй зарсан гэх шүүмжлэлд өртөж байсан билээ. Тэгвэл “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн зочноор уригдахдаа тэрбээр "Хөшөө босгох ажилд тэрбумаар тоологдох хөрөнгө зараагүй. Нийтдээ 280 сая төгрөг л хөшөөнд зарсан" гээд "Хөшөөг босгосноос хойш Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн тоо буурч, хүүхдийн эндэгдэл багассан" хэмээн ярьжээ. 

Түүний хэлснийг үгчлэн буулгавал:

-Чулуун овооны тойрогт банхар, арслангийн хөшөө барьсан нь их учиртай. Манай Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Харин Баянзүрх хайрхны савдаг нь нохой. Тиймээс Нацагдорж хамбатай ярилцаж байгаад ард иргэдээ муу муухай юмнаас хамгаалах, нөгөө талаасаа хотын өнгө үзэмжинд нэмэр болох зорилгоор тэр хөшөөг барьсан. Шүтээн талаас нь харвал их чухал зүйл. Их өндөр төсвөөр барьсан гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ 280 сая төгрөгөөр л бүтээсэн. Тэр хөшөөг барьсны дараа судалгаа гаргаж үзсэн л дээ. Ер нь тэр хөшөө барьснаас хойш манай дүүрэгт гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан байна лээ. Би барьсан шүтээн, хөшөөнийхөө тухай тэр бүр ярьдаггүй. Харин энэ удаа та асуусан учраас ярьчихлаа” хэмээжээ


Ярилцлагын титр /зочны танилцуулга/-д Б.Батзоригийг УИХ-ын гишүүн гэж биш Хүнс хөдөө, аж ахуйн яамны дэд сайд асан хэмээн тодотгосноос харвал энэхүү ярилцлага цаг хугацааны хувьд сонгуулиас өмнө өгсөн яриа байж болох талтай. Харин энэ тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болоод зарим хэвлэлээр цацагдсан нь өчигдөр, уржигдрын явдал. Хэзээ, ямар нөхцөлд байхаас үл хамааран ам алдвал эрт орой хэзээ нэг цагт, хэн нэгэн дэлгэн сурталчилж, сөрөг пи-ар-д ашиглаж ч болох юм гэдгийг Б.Батзориг гишүүний өгүүлсэн түүхээс харж болох нь.

Төрийн түшээ, засгийн сайд болчихоод бүхнийг сүсэг бишрэлээр тайлах нь бүү хэл аливаа асуудалд хувь хүний зүгээс хандах, хариулах эрхгүй болдог онцлогтой. Алдуурсан амны балаг, хийсэн үйлдлийн гэм олон түмний хурц хараа, сонор, олон нийтийн сүлжээний хүрээллээс гарахаа больсон гэдгийг дуулгахад илүүдэх юун.

М.СУРА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж