Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 40 км-ийн зайд байрлах Хамрын хийд буюу олны нэрлэж заншсан Шамбалын оронд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа аж. Хамгийн сүүлд эхлүүлсэн Өвгөн суваргын дэргэд байрлах "Хүүхдийн дацан"-г сэргээн засварлаж, сүм байгуулах ажил гэхэд үндсэндээ дуусчээ.
“Данзанравжаагийн музей”-н захирал З.Алтангэрэлийн хэлж буйгаар Гаржидын урсгалын сүм байгуулах барилгын ажил дууссан байна. Цаашид уг сүмд шашны сургууль байгуулахаар төлөвлөжээ. Нийтдээ 50 хүүхэд сургах чадалтай шашны сургуулийг Түвдийн эрдэмтэдтэй хамтран байгуулж, сургалтын хөтөлбөр боловсруулж эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ шашны сургууль байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах ажил арай эхлээгүй байгаа аж.
Мөн энэ жил хийж буй томоохон ажлын нэг нь агуйг нуралтаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа аж. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хамрын хийд, Шамбалын орныг зорих сүсэгтэн олны тоо нэмэгдсэн байна. Нэг жилд гэхэд дунджаар 150 мянган хүн түүх, шашин, инергийн төвийг зорин ирдэг гэх тооцоог гаргажээ.
Олны хөл хөдөлгөөн, машины цуваа нэмэгдэхийн хэрээр агуйг нуралтаас сэргийлж, бэхжүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс энэ жилд агуйн орчмыг нуралтаас сэргийлэх, ногоон байгууламжийг сайжруулах ажлыг хийж эхэлжээ. Мөн агуй орчимд иргэд сүү, чүдэнз, хүжнийхээ цаас, савыг хаях нь ихэссэн нь томоохон асуудал болсон байна. Тиймээс хог хаягдлыг цэвэрлэх, иргэдэд суртал ухуулга хийх, бусад хуучин сүм, хийдүүдээ засварлаж янзлах ажлыг ч жил бүр хийж байгаа аж.
ЖИЧ: Шамбалын орноос бэлтгэсэн бүрэн хэмжээний сурвалжлагыг www.News.mn сайтаас маргааш хүлээн авч уншаарай.
Б.ЗАЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ