Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийг сүүлийн үед гарч байгаа сэргээшийн дуулиантай холбогдуулан “Шинэчлэгдэх цаг нь болсон” хэмээн 17 орны допингийн эсрэг агентлагийн тэргүүн уриалжээ. Энэ тухай ВВС мэдээлэв.
WADA-г шинэчлэх саналыг АНУ, Австрали, Австри, Канад, Дани, Финлянд, Франц, Герман, Ирланд, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед, Сингапур, Швейцари, Их Британи болон Копенгагенд (Дани) байрладаг Үндэсний допингийн байгууллагуудын хүрээлэн дэмжжээ.
Тухайлбал, WADA-г бие даасан байгууллага болгохын тулд удирдлагуудыг нь бусад спортын байгууллагад ажиллахыг хориглох хэрэгтэй гэж үзсэн байна. Одоо бол WADA-гийн тэргүүн Крейг Риди Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажилтай юм.
Үндэсний сэргээшийн эсрэг хороодын төлөөлөгч нар дараах саналыг боловсруулан бэлтгэжээ. Үүнд:
Спортын байгууллагуудыг шалгах, мөрдөх, хориг тавих үүргээс чөлөөлөх замаар дотоодын ашиг сонирхлын зөрчлөөс нь салгах;
WADA-гийн ёс зүйн баримтад тодорхой хориг арга хэмжээг оруулах замаар өөрчлөлт оруулах;
Мөрдөн байцаах, хориг тавих талаар WADA-гийн эрх мэдлийг чангатгах;
Тус байгууллагад хөрөнгө оруулах замаар WADA-г бэхжүүлэх.
Допингийн эсрэг агентлагийн тэргүүн нар болон WADA-гийн мэдээлэгчид Оросын хөнгөн атлетикийн тамирчин Юлия Степанова болон түүний нөхөр Виталий нарын аюулгүй байдлыг хангахад туслах арга хэмжээ авахыг уриалсан байна.
Оросын Спортын сайд Виталий Мутко наймдугаар сарын 18-нд мэдэгдэл хийж, “Хэрэв Оросын допингийн эсрэг агентлагийг эрх зүйн хувьд чадамжтай болгож сэргээхгүй бол WADA-г санхүүжүүлэхгүй” гэж мэдэгдсэн ч Оросын Засгийн газар уг мэдэгдлийг үгүйсгэн, зогсоосон юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард WADA мэдэгдэхдээ, РУСАДА нь тус байгууллагын ёс зүйд нийцэхгүй гэж үзэн, Москвагийн лобароторийн ажиллагааг зогсоосон билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР