Б.Саранчимэг: 69,1 мянган багачууд эрдмийн өргөөнд хөл тавьж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг: 69,1 мянган багачууд эрдмийн өргөөнд хөл тавьж байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нийслэлийн Баянзүрх дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар дунд сургууль болон “Шавь цогцолбор” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр 97 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Манай улсын цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуулиудад 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн хонхны анхны дуу цангинаж, хичээлийн шинэ жил эхэлж байна. Манай багш нар ч бяцхан шавь нартаа эрдэм ном түгээх энэ өдрийг бас хоног тоолон хүлээсэн нь мэдээж. Эцэг, эхчүүд маань сайн сайхныг билэгдэн хичээлийн хэрэгслийг нь базаан бяцхан үрсээ хөтлөн эрдмийн өргөөнөө ирцгээжээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 561,6 мянган хүүхэд суралцана. Мөн 69,1 мянган бяцхан хүүхэд, багачууд маань эрдэм номын их өргөөндөө анх удаа хөл тавьж байна” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн зочилсон дараагийн сургууль бол “Шавь цогцолбор” сургууль. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдад ирээдүйн сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж, тэдний сайн найз, туслагч, зөвлөгч нь байж хөгжүүлэн төлөвшүүлэх их үйлсэд нь  амжилт хүсч, сурагч бүхэн онц сайн дүнгийн эзэн болж,  улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болохыг хүсэн ерөөлөө.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж