“Ньюс агентлаг” есдүгээр сарын 1-нд сургуулийн босгоор алхаж, эрдмийн аянд мордох зургаан настнуудын төлөөлөл болгож Билгүүний Танхилуун охины хичээлийн шинэ жилийн эхний өглөөг сурвалжиллаа.
Есдүгээр сарын 01. Өглөөний 09:30 цаг. Хотын гудамжаар цэцэг барьж аав, ээж, эмээ, өвөөгийнхөө гараас хөтөлсөн багачууд, дүрэмт хувцсаараа гоёсон сурагчид, шинэ цүнхээ үүрсэн оюутнууд алхана. Зарим сургуулиуд аль хэдийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хонхоо хангинуулан, эхний өдрийн хичээлээ эхэлсэн байлаа. Харин Б.Танхилууны хувьд энэ цагт тайван гэгч нь нойрноосоо сэрж, дурсамжит шинэ хичээлийн жилийн анхны өглөөгөө эхлүүллээ. Сурагчийн дүрэмт хувцас түүнд их таалагджээ. Цэцэрлэгийн хоёр найзтайгаа нэг ангид элсэн орж байгаагаа багшдаа өгөх цэцгээ баглаж зогсохдоо аав, ээждээ байн байн ярина. Бусад жаалуудын есдүгээр сарын 1-ний өглөө Б.Танхилуунаас арай өөр байдаг байж магадгүй. Шөнө нойр нь хүрэхгүй өглөөг тэсэн ядан хүлээсэн, эсвэл түүн шиг шөнө нь бөх гэгч унтаад, тайван сэрж угтсан байх. Гэхдээ зургаан настнууд бүгд өнөөдөр амьдралд нь түүх болон үлдэх чухал өдөр гэдгийг ухаж ойлгоогүй нь илт. Арга ч үгүй биз дээ, жаалууд юм чинь …
А үсэг заалгахаар гэрээс ээжтэйгээ хөтлөлцөн гарсан Б.Танхилууны сонголт Г.В.Плехановын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль байлаа. Б.Танхилууны аав нь орос хэл сурах багын мөрөөдлөө охиндоо өвлүүлж, ийнхүү орос хэл дээр хичээл нь явагддаг Орос, Монгол Улсын Засгийн газраас баталсан хос сургалтын хөтөлбөртэй сургуульд сургахаар шийдэн, ийм сонголт хийжээ.
Элсэн сурах сургуулийнх нь нээлт эхлэхээс 30 минутын өмнө 10.30 цагт эцэг, эхийнхээ гараас хөтлөн энгэртээ нэг нэг цэцэг тэвэрсэн элсэгчид, гурван сар амраад ирсэн дунд, ахлах ангийн туршлагатай сурагчид хэдийнэ сургуулийнхаа үүдийг тойрон цугларч, анги ангиараа цувран жагссан байна.
11.00 цаг ч болж, хөтлөгч нар хөнгөн хөгжмийн аянд сурагчидтай мэндчлэн гарч ирснээр Г.В.Плехановын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт албан ёсоор эхэллээ. Орос статустай сургууль болохоор нээлтийн тоглолт, хөтлөлт орос хөтөлбөрөөр, орос хэлээр явагдана. Хэлийг нь ойлгохгүй, урлагийн тоглолтыг нь гайхан үзэх зургаан настнууд сургуулийн гадна цугласан олноос онцгойрон харагдах. Удаа ч үгүй ийш тийшээ бүлтэлзэн аав, ээжийгээ хайн уйлах шинэ сурагчид үнэхээр өхөөрдөм. Уйлахгүй ч зогсох зайгаа булаацалдан бие биенээ сэмхэн ёврох зургаан настай эрчүүд хайр татам.
Цаг орчим сургуулийнхаа гадна бужигнасан зургаан настнууд хичээлийнхээ танхим руу цувран алхлаа. Нээлтийн дуу хөгжимд сатааран, их л баяртай байсан жаалууд дунд уйлах, баярлахын аль аль нь байв. Сурвалжлагын гол баатар Б.Танхилууны царайд харин өөрчлөлт алга. Б.Танхилуун их хэрсүү, тайван, сургуулийнхаа бэлтгэлд явахдаа орос хэлэндээ амархан татагдсан болохоор ерөөсөө уйлж, сандрах зүйл байгаагүй бололтой.
Ангидаа оронгуутаа цэцэрлэгийн найз н.Баттуяагаа олж, нэг ширээнд тохой нийлүүлэн суулаа. Тэд хоёулаа онц сурна гэж амлаад анхны хичээлээ эхлүүлэв.
Танхилуун шиг, Баттуяа шиг олон олон бяцхан охид, хөвгүүд өнөөдөр ийн хамгийн дурсамжтай, хамгийн сэтгэл хөдөлгөм өдрийг угтсан биз ээ.
Бүгдээрээ эрдэмдээ шамдаж, сайн хүн болохыг дүү нартаа хүсье.
Зураглаач Н.БАТМӨНХ