ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
- Өчигдөр есдүгээр сарын 1 тохиож, хичээлийн шинэ жил эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өчигдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найм дахь жилдээ заасан теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний олон нийтийн Телевизээр шууд дамжуулан нэвтрүүлсэн юм. Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы долдугаар сургууль гэж байх үед нь тус сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, А үсэг заалгаж байснаа дурсч төрөлх сургуулийнхаа эрдмийн баярт оролцож байгаадаа баяртай байна гэж хэллээ.
- Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхантайгаа уулзаж, шийдэх тулгамдсан асуудал, баримтлах бодлогынхоо талаар Туушин зочид буудлын хурлын танхимд хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Энэ Засгийн газрын хувьд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж, удахгүй шийдвэрээ гаргаж ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Нийслэлд одоогийн найман хувийн хүү үргэлжилнэ. Харин орон нутагт арай өөр байх, сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах талаар ажлын хэсэг ажиллаж байна” гэжээ.
- Бразилийн Рио-Де-Жанеро хот паралимпийн тамирчдаа хүлээн авч эхэллээ. Есдүгээр сарын 7-нд эхэлж, 18-ныг хүртэл үргэлжлэх Зуны 15 дахь удаагийн паралимпийн наадамд Дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр, 528 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин паралимпийн жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтингийн төрлүүдэд оролцох юм. Паралимпод эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчид маань өчигдөр Риог зорьсон байна.
- Нийслэлд өнгөрөгч мягмар гаригт /2016.08.31/ хоёр газарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тухайлбал, өнгөрөгч мягмар гаригт 16.30 цагийн орчимд Голомт банкинд гүйлгээ хийх гэж байсан 35 настай Б гэх эмэгтэйн 60 мянган төгрөгнөөс хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрсэн байна. Мөн мягмар гаригийн 13.04 цагийн орчимд Төрийн банкинд гүйлгээнд хуурамч 100 юань илэрчээ. Одоогоор дээрх хоёр тохиолдлыг Баянгол, Хан-Уул дүүргийн хэлтсүүдэд шалгаж эхэлжээ.
Сагсан бөмбөгийн "Чингис Хаан кап-2016" тэмцээн есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Хоёр дахь удаагийн цомын тэмцээнд таван улсын найман баг өрсөлдөнө. Үүнд:
Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг
Хойд Солонгос улсын үндэсний шигшээ баг
ОХУ-ын Буриад улсын шигшээ
Хөх хотын их сургуулийн баг
Монгол Улсаас дөрвөн баг оролцоно.
Өнгөрсөн жилийн дэд аварга Хойд Солонгосын баг Бээжинд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд энэ сарын 6-д Улаанбаатарт ирнэ. Мөн анх удаа оролцох гэж байгаа Өмнөд Солонгосын баг ч ирэх мягмар гаригт ирэх юм байна.