Хичээлийн шинэ жил эхэллээ. Зуны гурван сар нам гүмхэн байсан сургууль, цэцэрлэгүүд "амь орж" эрдмийн өргөө, хүүхэд багачуудын цангинасан дуугаар бялхаж байна. Хотын гудамжаар дүрэмт хувцастай цэцэг барьсан багачууд аав, ээждээ хөтлүүлэн алхана.
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж улсын хэмжээнд асуудал болж байгаа ч Чингэлтэй дүүргийн хувьд “Нэг гараа, тэгш боломж” төсөл хэрэгжүүлж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тодруулбал хувийн цэцэрлэгүүдэд хөрөнгө мөнгөний дэмжлэг олгож, энэ жил сургуульд орох гэж буй таван настай 236 хүүхдийг хоёр сар цэцэрлэгт хамруулжээ. Үүний үр дүнд хүүхдүүд өөрийнхөө нэрийг бичих чадвартай болсон хэмээн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэллээ. Түүнийг 37-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцох үеэр зарим зүйлийг тодрууллаа.
-Чингэлтэй дүүргийн хувьд энэ жил нийт хэдэн сургууль цэцэрлэг ашиглалтанд орж байна вэ?
-“Чингэлтэй дүүрэгт төр, хувийн хэвшлийн нийлсэн 22 сургууль, 50 орчим цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 2016-2017 оны хичээлийн жилд 9 мянган хүүхэд цэцэрлэгт, 2 мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орсон. Дүүргийн хэмжээд гурван бага сургууль, зургаан цэцэрлэг ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.
-Чингэлтэй дүүрэгт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-Манай дүүрэгт сургууль завсардалт байхгүй. Нэгдүгээрт ангид элсэх бүх хүүхдээ авч байна. Гэхдээ зарим сургуульд анги дүүргэлт давсан, гурван ээлжээр хичээллэх тохиолдол бий. Цэцэрлэгийн хувьд 10 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Энэ нь манай дүүргийн хүүхдүүдийн 80 орчим хувийг эзэлж байгаа юм. Үүний цаана 4 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэггүй ганц нэг хороод байдаг. Улсын төсвөөс өгсөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрвөн цэцэрлэгт нэмэлт бүлгийн байр барьж байгуулсан.
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай дүүрэгт 26 хувийн цэцэрлэг байдаг. Гэхдээ хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх нь харьцангуй бага. Тиймээс өнгөрсөн жил “Нэг гараа тэгш боломж” төсөл хэрэгжүүлсэн. Хувийн өмчийн цэцэрлэг ашиглаад таван настай сургуульд орох дөхсөн 236 хүүхдийг хоёр сар хичээлд хамруулсан. Энэ ажилд нийт 17 сая төгрөг зарцуулсан байдаг. Цэцэрлэгт хүмүүжих хоёр сарын хугацаанд нэрээ бичиж сурсан хүүхэд ч бий. Зарим цэцэрлэг дээр төрийн өмчийн арга зүйч нар очиж тусалсан. Цаашид уг төслийг хэрэгжүүлээд явах нь ихээхэн үр дүнтэй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Хувийн цэцэрлэгүүд ч “Нэг гараа, тэгш боломж” төслийг үргэлжлүүлэн явуулах боломж байгаа эсэхийг асуудаг. Иймд бид үргэлжлүүлэх талаас нь судалж хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэгээс завсардуулахгүй байх бодлого барьж байна” гэлээ.
Бидний очсон 37-р сургуулийн хувьд нийслэлийн алслагдсан хороонд байрлах сургууль юм. Энэхүү сургуульд 2000 гаруй сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 37-р сургуульд энэ жил 265 сурагч нэгдүгээр ангид элсэн оржээ.
Тус сургуулийн Орос хэлний багш сурагчиддаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүллээ. “Сурагч, эцэг эхчүүд та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Эрдэм мэдлэгийг түгээгч эрхэм багш нартаа сурган хүмүүжүүлэх агуу их үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе. Энхрий баяцхан шавь нартаа зорилготой байж өөрийгөө нээн таниулах, сурч мэдэхийн төлөө чармайн хичээгээрэй гэж захиж байна. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ хичээл зүтгэлд анхаарч, сургагч багш нарынхаа тулгуур нь болж яваарай” гэсэн юм.
Ийнхүү монголын хүн амын 75 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан “Хичээлийн шинэ жил” эхэллээ.
Т.НОМИН