Д.Гантөгс: Ипотекийн зээлийн эргэн төлөлт 99.9 хувьтай

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Д.Гантөгс: Ипотекийн зээлийн эргэн төлөлт 99.9 хувьтай

Ипотекийн найман хувийн хүүтэй зээл зогсох эсэх асуудал иргэдийн дунд гол сэдэв болж байна. Тэгвэл өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Энэ Засгийн газрын үед Ипотекийн зээл зогсохгүй үргэлжилнэ” гэдгийг мэдэгдсэн. Харин зарим зүйлд өөрчлөлт оруулна гэж мэдээлснийг бид хүргэсэн.

Тэгвэл яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд Ипотекийн зээлийн асуудлаар Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны төлөөллүүд уулзалт хийж байна. Энэ үеэр Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Ипотекийн зээлийн олголт өнөөдрийн байдлаар ямар байна вэ. Зарим иргэдийн зүгээс зээл нь бүтсэн ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна гэх юм?

-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Үүнтэй холбоотой өөрчлөлт өнгөрсөн хугацаанд орж байсан. Засгийн газраас таван хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн сонгуулийн өмнө журамд тодорхой өөрчлөлт оруулсан. Энэ жил сонгуультай жил байсан учраас олон нийтийн дунд ипотекийн зээл үргэлжлэх үү, зогсох уу гэх мэтээр олон асуудал үүсч, анхаарлын төвд ороод байна.

Олны дунд эргэлзээ үүссэн энэ үед Монголын ипотекийн корпораци Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад уг хөтөлбөрт оролцогч талуудад хэрэгжилтийн явцыг танилцуулахаар өнөөдөр цугларсан юм. Бидний харж буйгаар ипотекийн зээлийн хөтөлбөр сайн хэрэгжиж байна.

Нийтдээ 85 мянган өрх найман хувийн болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан. Мөн 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээл дээр бүрэлдсэн. Энэ нь асар том хөрөнгө юм. Тиймээс үүний хэрэгжилтийг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд зөв мэдээллийг тухай бүрд нь хүргэх хэрэгтэй гэж үзсэн юм.

-Зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Одоогийн бүтцээр бол 3.3 их наяд төгрөг найман хувийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хавар Тэтгэврийн ирээдүйн нөөц сангийн тухай хууль батлагдсан. Нөөц сангийн удирдах, захиран зарцуулах, хяналт тавих үүрэгтэй санг Нийгмийн даатгалын ерөнхий газарт харьяалуулсан.

-Зээлийн эргэн төлөлт ер нь ямар байгаа вэ?

-Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд зах зээл дээр есөн тусгай зориулалттай компани байгуулаад 2.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээл дээр гаргасан. Үнэт цаасны шинж чанар хэвээрээ. Эхний ээлжид 20 жилийн хугацаатай, хүүний хувьд давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүү 4.5 хувь, энгийн эрхтэй буюу эрсдэлтэй хэсгийн үнэт цаасны хүү 10.5 хувьтай. Энэ хөтөлбөрт нийтдээ 51 мянган айл өрх хамрагдсан. Цаана нь арилжааны банкуудад 200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээлүүд үнэт цаасанд хамрагдахаар хүлээж байна.

Зээлийн эргэн төлөлт 2013 оны зургадугаар сараас хойшхи гурван жилийн хугацаанд 99.9 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бүх зээлүүд хэвийн төлөгдөж байна. Ойролцоогоор 0.5 хувь нь чанаргүй зээл байна. Энэ нь тухайн өрхийн орлого тасалдсан гэсэн үг. Ийм өрхийн зээлийг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. Гэхдээ бусад зээлтэй харьцуулахад эргэн төлөлт сайн гэж үзэж байгаа.

-Цаашид найман хувийн хүүтэй зээлийг  эргэн төлөлтөөр санхүүжүүлэхэд хэдий хэмжээний боломж байна вэ?

-Бондын төлбөрт нийтдээ 2014 оны гуравдугаар сараас хойш 400 орчим тэрбум төгрөг үндсэн болон хүүний төлбөрт шилжсэн. Энэ нь нийтдээ 36 сарын турш эргэлтэд ороод дараа дараагийн зээл авч буй хүнд хүрч байгаа гэсэн үг.


Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулахаар судалж байна

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхантайгаа уулзаж, шийдэх тулгамдсан асуудал, баримтлах бодлогынхоо талаар Туушин зочид буудлын хурлын танхимд хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас иргэдийн анхааралд буй зарим сэдвээр тодруулга авлаа.

Барилгын салбарт иргэдийн хүлээлт үүсгэсэн олон асуудал шийдлээ хүлээж байна. Таны хувьд нэн тэргүүнд ямар ажлыг голчлох вэ?

-Нэгдүгээрт, барилгын технологийг голлоно. Улаанбаатар, орон нутагт баригдаж буй барилгуудад хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдал хөндөгдөж буйг бүгд мэдэж байгаа. Барилга барих үед, барьсны дараа аль ч үед шатах тохиолдол байна. Тиймээс энэ байдлаас гарах бололцоог хангая гэж ярьж байгаа юм. Ингэхийн  тулд байгалийн чулуугаар дулаалгын материал барьдаг үйлдвэрүүдийг бий болгоно. Өөрөөр хэлбэл чулууг боловсруулж хөвөн гаргаж байгаа юм. Энэ хөвөн нь галд тэсвэртэй. Одоо бол барилгын дулаалгын материалд хөөсөнцөрийг ашиглаж байна. Хөөсөнцөр бол химийн элемент. Тиймээс нэн тэргүүнд байгалийн чулуугаар дулаалгын материал барих үйлдвэрүүдийг дэмжиж дотооддоо ашиглана. Цаашлаад гадаадад гаргана.

“ШУГАМ ЯНЗЛАХ ГЭЖ ЗАМАА СҮЙТГЭДЭГГҮЙ БОЛНО”

Хоёрдугаарт, зураг төслийн хүрээнд инженерийн шийдэлд анхаарна. Бид инженерийн шийдлийг хийхгүй олон жил болсон. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шууд хамааралтай. Миний хувьд хотын дарга байхдаа гэр хороололд хонгилын системийн ажлыг хийж байсан. Үүнийг үргэлжлүүлнэ. Газар доорх хот гэсэн үг. Таван шугамыг газар доор хийе. Энэ нь дээгүүр нь зам тавьсны дараа шугамаа солих гэж зам эвдэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн газар хөдлөлтийн үед түүнийгээ хоргодох байр болгож ашиглана. Мөн хотуудын аюулгүй байдалд орно. Хүйтэн усны шугамаар янз бүрийн зүйл явахад аюулгүй байдлыг хамгаална гэсэн үг.

“ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ БУУРУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА”

Урсгал бодлогын хувьд найман хувийн зээлийн асуудал байна. Энэ Засгийн газрын хувьд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж, удахгүй шийдвэрээ гаргаж ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Нийслэлд одоогийн найман хувийн хүү үргэлжилнэ. Харин орон нутагт арай өөр байх, сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах талаар ажлын хэсэг ажиллаж байна.

М.кв-ын хувьд бас өөрчлөлт хийнэ. Одоогоор найман хувийн хүүтэй зээлээр дээд тал нь 80 м.кв хүртэлх байрыг өгч байгаа. Тэгвэл одоо энэ хэмжээ зорилтот бүлэгтээ хүрчихлээ. Цаашид 80-100 м.кв гэх хувилбар руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд судалгаа хийж байна.

-Урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудал хэрхэн шийдэгдэхээр байна вэ?

-Энэ асуудлыг оруулж байгаа. Гэхдээ нэг их хугацаа шаардах асуудал биш. Эх үүсвэртэй л холбоотой. Бид найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг олж чадвал урьдчилгаа төлбөрийг одоогоос бага зэрэг буулгах боломж бий эсэхийг хэлэлцэж байгаа.

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЗАРИМ ХЭСГИЙГ ӨМЧИЛНӨ”

-ТОСК-ийг татан буулгах асуудал яригдаж байна?

-Татан буулгахаас илүү түрээсийн орон сууцны хөтөлбөрийг дэмжиж ажиллах тал дээр анхаарна. Ингэхдээ аймгуудын хувьд өөрсдөө түрээсийн орон сууцны ашиглалт, хамгаалалтыг хариуц гэж хэлнэ. Орон сууцанд орох хүн, ашиглалт засвар, үйлчилгээ, зээлийг аймгийн Засаг даргын мэдэлд өгнө. Харин Улаанбаатарт түрээсийн орон сууцыг нэмж барихгүй. Харин баригдсан барилгын ашиглалтад анхаарч ажиллана.

-Түрээсийн орон сууцанд иргэд тав хүртэлх жил амьдраад дараагийн хүнд шилжүүлэх тухай журамд заасан. Харин таны зүгээс түрээсийн орон сууцны зарим хэсгийг өмчлөх боломжийг иргэдэд олгоно гэж байсан. Энэ талаар тодруулъя?

-Тийм. Түрээсийн орон сууцны одоогийн журамд таван жил амьдраад гарах тухай заасан байсан. Энэ асуудалтай бид санал нэгдэхгүй байгаа. Тухайн иргэн амьдралын боломжтой болоод орон сууц авч чадах хүртлээ түрээсийн орон сууцандаа амьдрах хэрэгтэй. Хоёрдугаарт, түрээсийн орон сууцны тодорхой хэсгийг өмчлөх боломжийг нээж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж