Ам алдвал барьж болох уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ам алдвал барьж болох уу?

Ам алдвал барьж болох уу?

МАН-ын бүлгийн хуралдааны протокол “Ардын эрх” сонинд нийтлэгдэж, түүний эргэн тойронд өрнөсөн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байлаа.

Энэхүү протоколоор ил болсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж бо­лох­гүй”, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын “Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна” гэх үгс трэнд болж байна.

Ганц намын тогтолцооноос салаад 26 жил өнгөрсөн ч МАН бүлгийн гишүүдийнхээ ярих, хэлэхийг хааж, боож, зааж, зааварласан хэвээрээ буйг харууллаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрсдийнхөө хурлын мэдээллийг алдсан асуудлаар ТЕГ-т хандаж, шалгуулахаар болсон нь бүр ч ноцтой, хэвлэлийг тагнуул, хүчний байгууллагаар даржуулан дарамталж, өөрсдийнхөөрөө байлгах гэсэн оролдлого гэхээс өөр тайлбар олдсонгүй. Ардчилсан намын үед хэд хэдэн хурлын харилцан яриа хэвлэлээр ил болж байсан ч байх ёстой үзэгдэл мэтээр эрүүл, саруулаар ханддаг байлаа.

Хэдийгээр бид хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны зэрэглэлд багтдаг ч Үндсэн хуулиараа олон ургальч үзэл, чөлөөт, ардчилсан нийгмийг сонгосон улс. Харин ардчилсан нийгмийн амин сүнс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Тэр дундаа хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгмийн салшгүй хэсэг. Харин энэхүү эрх чөлөөг одоо хэр нь өөрсдийн олгож буй шагнал гэж эрх баригчид эндүүрсээр буй бололтой. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол улстөрч, эрх баригчдаас ард түмэнд өгч буй бэлэг биш.

Хэвлэлийн эрх чөлөөг яагаад байлгах ёстой вэ гэхээр ард түмний мэдэх эрхийг хангахын төлөө байх ёстой. Гэтэл үүнийг мэддэггүй улс төрийн хүчин, бүр эрх баригчид байна гэхэд итгэмээргүй ч өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал харууллаа.

Энэ эрх чөлөөг шууд утгаараа эсэргүүцдэггүй ч тойруу утгаар үгүйсгэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг одоог хүртэл батлалгүй, хойш тавьж ирсэн нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж, мэдээлэлгүй байх сонирхол тэдэнд байсаар ирснийг харуулна.

Хэдийгээр Дээд шүүхээс сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй гэж хүлээн зөвшөөрсөн ч эх сурвалжаа хамгаалах хууль өнөөдөр бас л алга. Энэ байдлыг далимдуулан эрх баригчид тагнуулын газраар дамжуулан хэвлэлийг цензурдахыг оролдож эхлэв. Үүнийгээ Төрийн ордны нууцлал аюул дагуулах хэмжээнд хүртлээ алдагдсан гэдгээр халхавч хийж байна. Угтаа бол МАН бүлгийн хурлын протоколоо алдагдсан бурууг хэвлэлээс гэхээсээ өөрсдөөсөө хайж, гишүүдийнхээ үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг нь хангах ёстой. Гэтэл энэ нам ардчилсан замаар замнаад 26 жил өнгөрсөн ч хуучны коммунист үзэл сурталтай, дотроо үг хэлэх ч эрх чөлөөгүй, түүнийгээ нэгдсэн бодлого гэж тайлбарладаг хэвээрээ байна.

Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэл бол ардчилсан нийгэмд амьдарч буй хүний суурь эрхийн нэг гэдгийг өнөө цагийн хүүхдүүдээс асуусан ч хэлээд өгнө. Хэвлэлийн эрх чөлөөг яагаад байлгах ёстой вэ гэхээр ард түмний мэдэх эрхийг хангахын төлөө байх ёстой. Гэтэл үүнийг мэддэггүй улс төрийн хүчин, бүр эрх баригчид байна гэхэд итгэмээргүй ч өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал харууллаа. Энэ нь Монголын хэвлэл, мэдээллийн эрх чөлөө ямар байгааг дахин сануулав. Тиймээс зөвхөн хэвлэлүүд, хэдхэн сэтгүүлч бус монголчууд өөрсдийн хяналтаа төрд тавьж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө илүү баталгаажуулахын тулд тэднээс шаардах шаардлага зүй ёсоор урган гарч байна. МАН алдагдсан бичлэг, хурлын протоколын цаана иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлэх ярианууд дэлгэгдэж буй нь үүнээс огт тусдаа асуудал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж