Шатарчид гараагаа сайн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

Шатарчид гараагаа сайн эхэллээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам өндөрлөөд 10 гаруй хонож байна. Тэгвэл Азербайжаны Баку хотод “Шатрын их олимп” нээлтээ хийлээ. 42 дахь удаагийн олимпиадад эрэгтэй 171, эмэгтэй 131 баг өрсөлдөж байгаа юм. Манай улсын эрэгтэйчүүдийн багийг Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Г.Мөнхгал, С.Билгүүн, Н.Баттулга нар бүрдүүлсэн юм. 

Эрэгтэй шатарчид өчигдөр гурав дахь өрөгтөө Катар улсын багийг 2.5-1.5 харьцаагаар хожлоо. Нэгдүгээр ширээнд Олон улсын мастер Г.Мөнхгал Катарын анхны их мастер Al-Modiahki, Mohamad-ыг,Их мастер Б.Гүндаваа Их мастер AL-Sayed, Mohammed-ыг тус тус хожиж, Их мастер Ц.Батчулуун тэнцсэн бол Олон улсын мастер Н.Баттулга Дэлхийн эмэгтэйчүүдийн аварга асан Zhu, Chen-д хожигдлоо. Олон улсын мастер Г.Мөнхгал Их мастерын норм биелүүлэн, чансаагаа 2500-д хүргэвэл Их мастер цол хүртэх боломжтой байгаа билээ. Ийнхүү эрчүүд эхний гурван өргийн дараахь байдлаар хоёр хожил, нэг тэнцээтэй байна.

Эрэгтэйчүүд нээлтийн өрөгтөө Макаогийн шатарчдыг 3.5:0.5-аар буулган авсан. Гэвч хоёр дахь өрөгтөө Финляндын багтай 2:2-оор тэнцжээ. Тус багийн хийсэн тоглолтод их мастер У.Батчулуун багтаа бүтэн оноо бэлэглэсэн бол их мастер Б.Гүндаваа, олон улсын мастер Г.Мөнхгал нар хайнцаж, С.Билгүүн өрсөлдөгчдөө хожигдов.


Харин эмэгтэй багийг их мастер Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, А.Энхтуул, олон улсын мастер У.Лхамсүрэн, ФИДЕ мастер Ү.Үүрийнтуяа нар бүрдүүлсэн. Тус баг эхний өрөгтөө Финляндын шатарчдыг 3.5:0.0-аар буулган авч, гараагаа амжилттай эхлүүлсэн ч удаахь өрөгт Азербайжаны II багт 2.5:1.5-аар хожигдсон. Харин өчигдөр гурав дахь өрөгт Ямайкa улсын багийг 3.5-0.5 харьцаагаар хожиж, гурван өргийн дараах байдлаар хоёр хожил, нэг хожигдолтой болоод байна. 

Гурав дахь өргийн тоглолтод нэгдүгээр ширээнд Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ тэнцэж,Эмэгтэй Их мастер А.Энхтуул,Эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа, У.Лхамсүрэн нар хожлоо. Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ Их мастерын нэг норм биелүүлэн, чансаагаа 2500-д хүргэвэл Их мастер цол хүртэх юм.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн олимпиад оролцогчийн тоогоороо “Тромсо-2014”-ийн амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч улс төрийн шалтгаан, аюулгүй байдлын үүднээс зарим орон оролцсонгүй. Тухайлбал, шатрын олимпиадын гурван удаагийн аварга Армяны баг Бакуд ирэхээр татгалзжээ. Турин, Дрезден, Истанбулд аваргалж байсан тэд дээд Карабахын газар нутгийн улс төрийн шалтгаан ба шатарчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж үзсэн учраас шатарчдаа Бакуруу явуулаагүй гэнэ. Түүнчлэн Сенегал, Кени, Камерун, Төв Африк тэргүүтэй Африк тивийн 20 орчим орон энэ удаагийн олимпиадад тодорхой шалтгааны улмаас оролцож чадсангүй. 42 дахь удаагийн олимпиадын тоглолтын талаархи мэдээллийг www.chess-results.com сайтаас харах боломжтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж