Дэрвэгэр даашинз, гоёлын костюм, эрвээхий зангиагаар гоёсон бяцхан багачууд ээж, аавынхаа энгэрт тэврүүлжээ. Тэд хүүхдийн дуу цангинасан цэцэрлэгийнхээ зүг алхацгаана. Өнгө алагласан цэцэг барьсан, аав, ээжийн өхөөрдөм жаалуудын гоёл цаанаа л дэгжин.
Өнөөдөр “Есдүгээр сарын нэгэн”. Жил жилийн энэ өдөр инээд хөөр, хүүхдийн дуу эгшиглэсэн хичээлийн шинэ жил эхэлдэг. Ийн цэцэрлэгийн жаалуудын хичээлийн шинэ жилийн тэмдэглэлт өдрийг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 127 дугаар цэцэрлэгийг зорьсон юм.
Тус цэцэрлэгийн гадна ээж, аавдаа тэврүүлсэн олон багачууд цугларчээ. Зарим нь ээж, ааваасаа ч салахгүй, цугласан олноос бишүүрхсэн харагдана.
Цэцэрлэгт анх удаа явж буй гурван настай жаал Д.Мөнгөншагай “Би 3 настай. Цэцэрлэгт яваад онц сурна. Намайг аав маань авна” хэмээн хэвлүүхэн ярилаа.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Туул “Энэ жилийн хичээлийн шинэ жилийн баярын мэндийг энхрий бяцхан үрсдээ хүргэе. Манай цэцэрлэгт Сонгинохайрхан дүүргийн 11, 28 дугаар хорооны 2-5 насны 685 хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бэлэн болоод байна. Манай хамран сурах тойрогт 1280 хүүхэд байдгаас одоогийн байдлаар цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 71 хувь манай цэцэрлэгт хамрагддаг” хэмээн танилцууллаа.
Ингээд цэцэрлэгийн багачуудын гоёлыг танилцуулъя.
А.Сүрэн