Ц.Зориг Германы ерөнхий сайдын орлогчтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Ц.Зориг Германы ерөнхий сайдын орлогчтой уулзлаа

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци ба Европын асуудал эрхэлсэн сайд Иорг Үвэ Хаан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр зохион байгуулагдсан шүүх эрх мэдлийн талаархи үндэсний чуулганы үеэр шүүхийн үйл ажиллагаатай холбоотой олон чухал зүйл яригдсаны нэг нь шүүхийн программ, техникийн үйл ажиллагааны дэвшлийн асуудал байсан гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлэв. Мөн шүүхийн бүхий л үйл ажилагаа иргэдэд ил тод нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгаа гээд маш сайн программ хангамжтай байх нь энэ зарчмыг хэрэгжүүлэхэд чухал хэмээн онцолжээ.

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг манай шүүхийн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор хоёр ч төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс болох шүүхийн мониторингийн төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс хойш нэгдсэн нэг стандартыг хэрэгжүүлэх программ хангамж манай шүүхүүдэд бий болох юм байна. Ийм программ хангамж нэвтэрснээр  шүүхийн ажлын зохион байгуулалтад нөлөөлөхөөс гадна шүүх үйл ажиллагааны чанар сайжирч, алдаа багасах ач холбогдолтой аж. Энэ төсөл тун амжилттай хэрэгжиж байгааг уулзалтын үеэр талууд онцолсон байна.

Шүүхийн мониторингийн төслийг ХБНГУ-д шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх чиглэлэээр хэрэгжүүлж байгаагаас Хессен мужид  амжилттай хэрэгжжээ. Тухайн үед шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх ажлыг Хессен мужид удирдан зохион байгуулсан ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Вебер Хассемер, гардан гүйцэтгэсэн тус мужийн анхан шатны шүүхийн шүүгч асан, ноён Вернер Эрбрехт нар манай улсад мониторингийн төслийг хэрэгжүүлэх ажилд зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэдний хувь нэмрийг үнэлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг уулзалтын үеэр гардуулан өгсөн байна.

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж