Оюутны цахим картыг 3600 төгрөгөөр авна

Хуучирсан мэдээ: 2016.09.02-нд нийтлэгдсэн

Оюутны цахим картыг 3600 төгрөгөөр авна

-Хэчнээн оюутанд цахим карт олгох нь тодорхойгүй байна-

Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг сургуулийн захиргаагаар нь дамжуулан өчигдрөөс авч эхэлжээ. Өнгөрсөн жилийн хувьд 57 мянган оюутанд хөнгөлөлттэй зорчих карт олгож байсан. Харин энэ жил хэчнээн оюутанд хөнгөлөлттэй зорчих карт олгох нь тодорхойгүй байгаа талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Учир нь зарим их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн элсэлт дуусаагүй, нарийн тоо мэдээлэл гараагүй гэх тайлбарыг тэд хэлэв.

Хичээлийн шинэ жил эхэлсний дараа нийтийн тээврийн карт захиалгыг хожуу эхэлдэг гэх шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудалд “Их, дээд сургуулийн хичээл эхэлж, оюутнууд бүрдсэний дараа захиалга авах нь илүү хүртээмжтэй” гэсэн тайлбарыг албаныхан өглөө.

Албаныхны мэдээлж буйгаар карт захиалга есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлөх аж. Ингээд есдүгээр сарын 12-18-ны хооронд тухайн сургуулиар дамжуулан оюутнуудад картыг нь олгоно.

Их, дээд сургуулиас гадна МСҮТ, коллежийн оюутнуудад ч хөнгөлөлттэй зорчих карт олгодог. Өнгөрсөн жил 32 МСҮТ, коллежийн 12 мянган оюутанд карт олгожээ. Энэ жилийн хувьд хэдэн оюутанд олгох нь ч мөн тодорхойгүй байгаа юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж