Монголчууд түүхт дөрвөн ойн баяраа тэмдэглэж, харах юм ихтэй, ярих сонин олонтойгоор өнгөрсөн долоо хоногийг үдлээ. Монгол бөхийн дэвжээг эзэгнэнхэн гарч ирсэн шинэ “урсгал”, шинэ залуу үеийнхэн энэ жилийн наадмын топ нь байлаа. Тэгвэл бас нэгэн содон бөгөөд сонин өнцөг нь наадмын гоёл. Жил жилийн наадмын дээлийг бөхчүүд тодорхойлдог байсан бол энэ жилийн хувьд эрхэм гишүүд өмссөн дээлийнхээ ур хийцээр нь гайхуулж буй нь эгээ л уран сайханчид урлагийнхан шиг харагдах юм. Үндэснийхээ баяр наадмаар үндэснийхээ хувцсаар ижилсэж, гоёж, гангарах гэсэн эрхэм гишүүдийг дэмжиж, ойлгож байна. Гэхдээ Төрт ёсны, түүхт ойн Тун нь хэтэрсан эм хор болдог шиг чамирхал нь дэндсэн гоёл утга муутай л харагддаг юм билээ. Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү чамд падгүй гэгчээр хэн юугаа өмсч, хэрхэн гангарах нь маньд хамаагүй л дээ. Гэхдээ эрхэм гишүүд бол төсвийн мөнгөөр цалинждаг, төрийн хар хүмүүс. Төрийн харчуудын өмсөх хувцас өөлөхийн аргагүй төлөв түвшин намбалаг байх учиртай. Өнгө нь өөрт зохицсон, өөлөхийн аргагүй дээлээр гоёж, төрийн хар хүний сүрийг гайхуулахаасаа илүү намбыг үзүүлсэн түшээд цөөнгүй байсан. Су.Батболд, Д.Зоригт, М.Энхболд гээд өмссөн дээлэндээ үүртэх биш, өөртөө таарсан үндэснийхээ хувцсыг өмссөн үнэхээр намбалаг, сайхан харагдаж байсан. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Баярсайхан нарын өмссөн дээл төрийн харчуудад гэхээсээ тайзны дуучдад, загвар өмсөгчдөд илүү зохих байсан болов уу. Эсвэл эрхэм гишүүд энэ удаад эгэл ардуудаа үндэсний хувцасны загвар үзүүлсэн байхыг ч бас үгүйсгэмгүй. Зарим нь улстөрч болохоосоо өмнө загвар өмсөгч байсан болохоор өөрийнхээ хоббиг үндэснийхээ их баяр наадмаар үзүүлээд авахыг хүссэн байж болох дог. Мэдээж, үндэснийхээ их баяр наадмаар С.Баяр шиг эсвэл З.Алтай шиг костюм өмсөх бас хаашаа юм. Ер нь эрхэм гишүүд хэзээ хаана хэрхэн гоёхоо, хэнд яаж харагдахаа мэддэг байна гэдэг төрийн хар хүн болж төлөвшиж яваагийн нэг илрэл байх ёстой болов уу. “Алтан шаахай өмсөвч алцан майга хэвээрээ” гэдэг шиг жин бан нь таараагүй гоёл жигтэйхэн муухай харагддаг юм билээ.
А.ШАРХҮҮ