”Адидас”-тай олдворын 40 хувийг засчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

”Адидас”-тай олдворын 40 хувийг засчээ

-Уг олдворыг сэргээн засварлаж дуусаад 2017 оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд дэлгэн үзүүлнэ-

1500 жилийн өмнөх эмэгтэйн иж бүрэн олдвор Ховд аймгаас олдсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ удаагийн олдворыг “Адидас”-тай мумми гэдгээр нь олон нийт ихээр сонирхож байгаа. Тэгвэл уг олдворыг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн төвд хийж байгаа юм. Энэ талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатаас тодрууллаа.

-1500 жилийн настай иж бүрэн олдворыг сэргээн засварлах ажлыг танай байгууллагынхан хийж байна. Яг ямар сэргээн засварлалт хийж, одоо ямар шатандаа явж байна вэ?

Ховд аймгийн Үзүүр гялан гэх газраас олдсон Түрэгийн үед хамаарах эмэгтэй хүний олдворыг сэргээн засварлаж байна. Олдворын хувьд морь болоод эдлэж хэрэглэж байсан хувцастайгаа, оршуулгын зан үйлийн дагуу эсгийгээр бүрэн ороолттой иж бүрнээрээ олдсон. Энэ олдворыг Соёлын өвийн төвийнхөн 2016 оны тавдугаар сараас 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд урландаа сэргээн засварлана. Одоогоор сэргээн засах ажил 40 хувьтай байна. Олдворын хувьд эсгийгээр битүү ороосон, юу нь мэдэгдэхгүй олон эд зүйл дагалдсаныг бид нэг бүрчлэн салгаж цэвэрлээд, сэргээн засварлалтын ажил даавуу зөөлөн эдлэл дээр хийж байна. Мөн морины эмээл хазаар, тоногийг тусад нь сэргээн засварлаж байгаа. Анх ерөнхий тоогоор 30 орчим олдвор гэж байсан бол сэргээн засварлалтын явцад хувцас дотроос нь таньж мэдэгдэхгүй нэгдмэл зүйлүүд их гарч ирсэн. Дотроос нь өвлийн, даавуун, арьсан гээд төрөл бүрийн дээл, хэрэгсэл гарч олдвор улам баялаг болж байна.

Ховд аймгийн Ховд их сургуулийнхан судалгааны ажлаа хийж байгаа. Бидний хувьд сэргээн засварлалтын ажлаа хийгээд 2017 оны нэгдүгээр улиралд үзэсгэлэн гаргана. Ингээд хуулийн дагуу холбогдох байгууллагуудад олдворыг хүлээлгэж өгнө.

-Олон нийт “Адидас”-ын гуталтай мумми хэмээн шуугьж байсан. Зарим тохиолдолд цаг хугацаагаар аялагчийг оллоо ч гэж мэдээлсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Анх гарсан хувцас хунар дотор тоохуу маягийн гутал байсан. Баруун аймгийн үндэстнүүдийн өмсдөг тоохуу маягийн гуталтай, тэрэн дээр нь одоогийн “Адидас” гуталны бэлгэ тэмдэгтэй ойролцоо хээ байсан. Түүнээс үүдээд л сошиал ертөнцөөр “Адидас”-тай мумми олдлоо, цаг хугацаагаар аялагчийг илрүүллээ гэх мэтээр хэт туйлширсан, ташаа мэдээллээр шуугьж эхэлсэн. Ерөнхийд нь харахад тухайн үеийн угсаатны эдлэл хэрэглэл, хээ хуараар л чимэглэсэн гутал байгаа юм.

-Судалгааны явцад урьдчилсан байдлаар энэ хүнтэй холбоотой шинэ мэдээлэл ил болж байна уу?

-Одоогоор гурван төрлийн дээл гарч ирсэн. Өвлийн, арьсан, даавуун дээлнүүд гарсан. Өмсч байсан хувцас хэрэглэлээс харахад энэ хүн өвлийн эхэн сард нас барсан гэж таамаглаж байгаа. Түрэгийн үеийн залуу эмэгтэйн шарил гэж таамаглаж байгаа юм. Эдлэж хэрэглэж буй зүйлс, дээл хувцас, мөн гутлын түрийнээс нь гарсан эмэгтэй хүний косметикны сав зэрэг нь үүнийг харуулж буй.  

-Энэ удаагийн олдворыг Монголд төдийгүй Азид ховор хэмээн тодотгох юм. Ер нь олдворыг шинжлэх ухааны үүднээс нь авч үзвэл бусад энэ төрлийн дурсгалаас юугаар онцлог вэ?

-Олон төрөл зүйлээр онцлог. Тонуулчдын гарт өртөөгүй, иж бүрэн. Мөн шороонд дарагдаагүй, хуурай орчинд хадгалагдсан учраас ялзраагүй гэдгээрээ маш их баялаг байна. Угсаатны зүйн, антропологийн, амьтны гээд бүх төрлийн судалгаа явуулахад хэрэглэгдэхүүн маш баялаг. Бусад дурсгалуудын хувьд газрын шороонд дарагдсанаас ялзарсан, амьтанд тонуулсан байдаг бол энэ удаагийнх тийм биш. Монголын эзэнт гүрний булш, эх сурвалжууд Монголын нутгаас олдож байна. Ихэнхдээ шороон дор байгаа учраас сэргээн засварлаж үзвэр болгоход хүндрэлтэй.

-Сэргээн засварласны дараа олдворыг хаана хадгалах вэ?

-БСШУСЯ-наас найм орчим сая төгрөгийн төсвийг шийдвэрлүүлсний дагуу сэргээн засварлалтыг хийж байгаа. 40-50 тонн орчим эд өлгийн маш их бохирдолтой олдвор учраас үе шаттайгаар цэвэрлэж, бэхжүүлж байна. Зөвхөн бэхжүүлэлт маягаар л сэргээн засварлалт хийнэ. Түүнээс биш дутуу хэсэгт нь нөхөлт хийх боломжгүй. Сэргээн засварлалтаа хийсний дараа 2017 оны нэгдүгээр улиралд багтаад Соёлын асуудал хариуцсан төв байгууллагатай хамтран танилцуулга, үзэсгэлэнг гаргана.

Соёлын өвийг хамгаалын хуулийн дагуу тухайн дурсгалыг орон нутагт хадгалах зарчим баримталдаг. Энэ дагуу Ховд аймгийн музей энэ олдворыг эзэмших болов уу гэж бодож байна. Гэхдээ ховор олдворыг хэвийн хадгалахад сан хөмрөгийн хэмжээний чийгшэл дулаантай, урвалд, элэгдэлд оруулахгүй өрөө тасалгаа хэрэгтэй. Орон нутгийнхан энэ нөхцөлөөр хангаж чадна гэвэл хүлээлгэж өгнө.

-Энэ мэтчилэн түүхэн олдворыг олж сэргээсний дараа стандартын дагуу хадгалах боломж манайд хэр байдаг вэ?

-Музей гэдэг нь өөрөө судалгаа, шинжлэх ухааны байгууллага. Музей нь тухайн эд өлгийн зүйлийг хадгалах бүх төрлийн мтаериалаар төрөлжүүлсэн сан хөмрөг байх ёстой. Онцлог нь Монголд энэ шаардлагыг хангасан газар ховор байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж