Хонон өнжин оочерлож, сугалаанд хүүхдээ оролцуулан байж цэцэрлэгтэй болдог дүр зураг хичээлийн шинэ жилийн өмнөх нэг сард Улаанбаатарт давтагддаг. Тэгвэл энэ их оочер, дугаар, сугалаанаас татгалзаж, албан байгууллагууд өөрсдийн санаачлагаар дэргэдээ цэцэрлэг байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд хоёр байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болон, үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, Гадаад харилцааны яамны дэргэд гурван бүлэгтэй 75 хүүхдийн цэцэрлэг энэ жил нээлтээ хийжээ. Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг стандартад нийцүүлэн засварлажээ. Энэ ажилд Гадаад харилцааны яамны албан хаагчид ч нэг өдрийн цалингаа хандивласан байна. Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар болжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Сүүж уул амралтын газрын дэргэд нэг бүлэгтэй цэцэрлэг ажиллуулж эхэлсэн байна. Энэ жилийн хувьд дэргэдээ цэцэрлэгтэй болох хүсэлт байгууллагуудаас ирээгүй байна.
Байгууллагаас гадна аж ахуйн нэгжүүд ч дэргэдээ цэцэрлэг байгуулж эхэлсэн байна. Энэ жилийн хувьд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Номин холдинг гэх мэтчилэн найман аж ахуй нэгж дэргэдээ цэцэрлэгтэй болжээ. Энэ найман байгууллага ажилчдынхаа нийт 170 хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа аж.
Дэргэдээ цэцэрлэгтэй болох хүсэлтэй байгууллага болон аж ахуйн нэгжид Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу шаардлага тавьдаг байна. Тухайлбал, барилга байгууламж нь стандартад нийцсэн эсэх, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн ямар байгаа зэрэг шалгуур тавьдаг юм байна.
Б.ЗАЯА