Ганга нуурыг хамгаалахаар хашаа барьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Ганга нуурыг хамгаалахаар хашаа барьж эхэллээ

Ганга нуурын ус сүүлийн нэг сард огцом татарч, нуурын сайр хатан сул цагаан шороо боссон дүр зураг яагаад үүсэх болов гэдэгт хариулт олохоор салбарын яамны мэргэжилтнүүд нуурын эрэгт очиж ажилласан байна. Цөөн тооны бор галуу, хун шувууд нуурын 10 хүрэхгүй хувьтай үлдсэн усан толион дээр бөөгнөрөх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо,наймдугаар сард хэт халж, бороо бараг ороогүйтэй холбоотой аж. Мөн Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэсэн. Улмаар нутгийн малчид Ганга нуурыг тойрон нүүдэллэж, малаа тус нуураас ундаалснаас, Ганга нуур малын хөлийг даалгүй ширгэсэн гэж БОАЖЯ дүгнэж байна. Цаг агаарын хуурайшилт, мал олноор бэлчээрлэж, ундаалснаас болоод Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарсан байна. Мөн Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус нь багасаж, ширгэхэд ойртжээ.

Ганга нуурын ойр орчимд нүүдэллэн амьдардаг 37 малчин өрхийн 30 гаруй мянган мал Ганга нуур, Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалдаг гэлээ. Нөгөө талаас Ганга нуур орчимд гол төлөв хаврын улиралд нэлээд газрыг хамарсан хүчтэй хуй салхи салхилдаг. Хуй салхины улмаас нуурын ёроолыг элс дарж, усны татралтад мөн нөлөөлсөн аж. Иймээс салбарын яам нь Ганга нуурыг эргэн сэргээх, тойрон буй эко системийг нь хамгаалахаар нутгийн малчдад малаа ундаалах худгийг олноор гаргаж өгөх, нуурын усыг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болсноо мэдээллээ. Эхний ээлжид Сүхбаатар аймгаас Ганга нуурыг малын хөлөөс тусгаарлах, хамгаалалтын хашааг барьж эхэлсэн байна.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж