Оросын алдарт хийлч 400 жилийн настай хийлээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Оросын алдарт хийлч 400 жилийн настай хийлээр тоглоно

Дэлхийн сонгодог хөгжмийн од, Москвагийн Филармоний гоцлол хийлч Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоо энэ сарын 9-ны 19 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хийх гэж байна.

Тус тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр /2016.09.06/ Улсын филармоны зааланд боллоо. Хуралд ОХУ-ын Москвагийн филармоны гоцлол хийлч Павел Милюков, УГЗ, Хөгжим бүжгийн коллежийн багш Ч.Чинбат, хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Анар, хийлч Э.Мөнх-Эрдэнэ нар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Тус тоглолтын удиртгал болгон Д.Шостаковичийн “Баярын симфони”-ийг эгшиглүүлэх бол түүний дараагаар Ж.Бизе, П.Сарасатийн “Кармен” дуурийн аялгуунаас сэдэвлэсэн уран сэтгэмж, И.Брамсын хийлийн гоцлол болон симфони найрал хөгжимд зориулсан алдарт концертыг сонордуулах ажээ.

Тэрээр дөрвөн настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэж, анх 1991 онд долоон настайгаасаа симфони найрал хөгжимтэй гоцлол тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Аввяаслаг уран бүтээлч одоо Италийн XVII зууны нэрт утсан хөгжмийн мастер А.Гварнерийн “Ex-Szigeti” мастер хийлийг эзэмшин тоглодог бөгөөд энэ хийл нь дэлхийд гурван сая еврогоор үнэлэгдсэн Оросын томоохон урлагийн сангаар дамжуулан эзэмшүүлдэг гайхалтай үнэт хөгжим юм байна.

Москвагийн Филармоны гоцлол хийлч Павел Милюков хэлэхдээ “Монгол орон надад илүү ойр байдаг. Учир нь утсан хөгжим буюу хийл хөгжмийн утсыг монгол цагаан морины хялгасаар хийдэг. Тиймээс багаасаа монголыг мэддэг байсан гэж хэлж болно. Мөн тоглолтондоо маш ховор хийл хөгжмөөр монголд тоглолт хийх гэж байгаад баяртай байна. Энэ хийл маань үнэхээр сайхан аялгуутай. Тийм учраас энэхүү сонгодог тансаг аялгууг мэдрэхийг хүсвэл тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээн ярилаа.

Энэхүү тоглолт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа ажээ. Тэрээр маргааш /2016.09.07/ Хөгжим бүжгийн коллежийн сурагчдад зориулан нээлттэй хичээл заах гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж