Иран цөмийн машин туршилтаар суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Иран цөмийн машин туршилтаар суурилуулжээ

Туршилтаар цөмийн эрчим хүчний машин суурилуулж эхэлсэн Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салехи Тегераны эрх баригчдыг цөмийн зэвсгийн хөтөлбөр нууцаар хэрэгжүүлж буй гэдэг шүүмжлэлээ зогсоосон тохиолдолд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгджээ. Тус агентлаг Ираны цөмийн хөтөлбөр олон улсын гадаа харилцаанд сэв суулгаж буй гол сэдэв гэж үзэж байгаа юм. Али Акбар Салехи НҮБ-ын цөмийн агентлаг мөрдлөгөө зогсоовол Иран тус байгууллагатай  нягт хамтран ажиллах болно гэж мэдэгджээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкия Амано Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх нууц туршилт хийсэн гэж буруутгасан юм. Харин мөрдлөгийн тухайд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг цөмийн хөтөлбөрийн талаархи судалгаа, шинжилгээ хийх тухай Ирантай дөрвөн жилийн өмнө байгуулсан хамтын ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа ажээ. Ираны тал цөмийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажиллагаа зөвхөн цөмийн түлш гаргаж авах зорилготой гэж мэдэгдсэн авч Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэдэгт эргэлзэж байгаа юм. Уран баяжуулах хөтөлбөр нь цөмийн үүсгүүрийн гол түлш болдгоос гадна цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөрт дөрвөн удаа хориг тавьсан авч тус улс уран баяжуулахаа зогсоогоогүй бөгөөд саяхан цөмийн пуужингийн туршилт явуулсан нь тогтоогдсон ажээ. Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салехи Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкия Аманотой уулзсаны дараа хэлэлцээрийг маш үр дүнтэй боллоо гэж дүгнэсэн байна. Тэрбээр “Хоёр тал цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, цөмийн шинжээчдийн хамтарсан баг шинэ арга барилаар нэг хүн шиг сэтгэж, ажиллах болно” гэжээ. Харин энэ уулзалтын дараа Австрийн гадаад хэргийн сайд Иранд хүний эрхийг зөрчих явдал аюулын харанга дэлдэж байгааг сануулаад, Тегераны эрх баригчдаас цөмийн хөтөлбөрт уян хатан хандахыг хүссэн байна.

Н.Энх

Эх сурвалж: Ройтерс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж