ДБ: Төсвийн алдагдал ДНБ-ий 19 хувийг давна

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

ДБ: Төсвийн алдагдал ДНБ-ий 19 хувийг давна

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ  /IX.07/

  • Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн талаарх ээлжит тоймоо гаргаж, олон нийтэд мэдээллээ. Тоймд оны эхний долоон сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом нэмэгдэж байгааг онцолжээ. Төсвийн гадуурх зардлууд, орлогын тасалдал зэрэг нь дээрх төсвийн алдагдлын огцом өсөлтөд нөлөөлөв. Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувийг давахаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл Засгийн газрын баталгаатай бондыг оруулж тооцсон ЗГ-ын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувийг давахаар байгааг мөн уг тайланд дурьджээ.


  • Азийн эрдэмтэд ногоон хөгжлийн асуудлыг хөндөн өчигдөр /2016.09.07/ Монгол Улсад чууллаа. Монгол Улсын хөгжил иргэн таны хогоо ил задгай хаях эсэхээс эхэлнэ. Хогоо хогийн саванд хийж,  бохироо гудамждаа шууд гаргаад асгахаа болибол Монголын эдийн засаг уруудахгүй өснө.  Байгалийн баялагаа олборлоод, нөхөн сэргээлт хийхээ мартвал эх дэлхий эргээд хариугаа авна. Авах өгөхийн ухаанаар хандаад ногоон хөгжлөө орхигдуулахгүй бол Монгол Улсын хөгжил, эдийн засаг унахгүй, урагшлана гэж эрдэмтэд зөвлөлөө.


  • Энэ сарын эхээр авсан мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувьд намаржаа хэвийн, 40 гаруй хувьд дунд зэрэг байгаа гэх мэдээллийг ХХААХҮЯ-наас өгчээ. Харин Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Их хэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээ сумдад ургамал ногоо муу ургасныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


  • 2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.


  • Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суман дахь Хаан банкны салбар руу зэвсэглэсэн хоёр этгээд дайрч, 20 гаруй сая төгрөг, гар утас дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл хоёр этгээдийн нэгийг хэрэг гарсны маргааш барьсан бол хоёр дахь хүнийг өнгөрөгч мягмар гаригт /2016.09.06/ барьжээ. Улмаар дээрэм хийхдээ ашигласан буу, зэвсгийг хураан авсан байна.


  • Ховд аймгийн Үзүүр гялан гэх газраас олдсон Түрэгийн үед хамаарах эмэгтэй хүний олдворыг сэргээн засварлаж байна. Олдворын хувьд морь болоод эдлэж хэрэглэж байсан хувцастайгаа, оршуулгын зан үйлийн дагуу эсгийгээр бүрэн ороолттой иж бүрнээрээ байсан. Энэ олдворыг Соёлын өвийн төвийнхөн 2016 оны тавдугаар сараас 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд урландаа сэргээн засварлах юм. Одоогоор сэргээн засах ажил 40 хувьтай байна.


  • Азербайжаны нийслэл Бакуд үргэлжилж буй Дэлхийн шатрын 42 дугаар олимпиадын тав дахь өрөгт Монголын эрэгтэй шатарчид Туркийн багтай оноолт таарч тоглолоо. Нэгдүгээр ширээнд тоглосон Олон улсын мастер Г.Мөнхгал,хоёрдугаар ширээнд тоглосон Их мастер Б.Гүндаваа нар өрсөлдөгчдөө хожигдож, Их мастер Ц.Батчулуун,ФИДЕ-ны мастер С.Билгүүн нар тэнцэн, 3:1-ийн харьцаагааp ялагдал хүлээлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж