Х.Баасансүрэн: Зовлонг ялъя гэвэл бодлоо ажигла

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Х.Баасансүрэн: Зовлонг ялъя гэвэл бодлоо ажигла

Сэтгэлийн араншин

Тийм л зүйлтэй болчихвол жаргалаа гэж бодож байсан зүйлээ тэсэн ядан хүлээж байж автал төд удалгүй түүнээсээ уйдан гуниж залхана. Бүгдийг орхиод хаа ч хамаагүй яваад өгмөөр газартаа тун удалгүй үгүйлж буцаад ч очмоор бодогдоно. Ийм л амжилтад хүрчихвэл диваажинд л очлоо гэсэн үг гэж төсөөлж байсан амжилт нь там ч юм шиг бодогдоно. 

Хол байхаар санаад байна. Хамт байхаар залхаад байна. Сармагчин шиг байнга савчиж байдаг сэтгэл чинь таныг амар тайван байлгана гэж огтхон ч үгүй. Хаа сайгүй чанаагаад байдаг сэтгэлийн учрыг олохгүйгээр та амар амгалан байна гэж хоромхон ч үгүй. Өөрийгөө танья гэвэл сэтгэлээ л тань. Зовлонг ялъя гэвэл бодлоо л ажигла.

Хүлээ бүх зүйлс байр байраа олно 

Болох юм болдгоороо л болно. Болохгүй зүйлс болдоггүйгээрээ л болохгүй. Бүү адгаж тэвд. Нэгэнт л болох зүйлийг болгохгүй гэснээс, яагаад ч болохооргүй зүйлийг болгох гэснээс л зовлон үүснэ. Ингэж өөрийгөө ч зовоож өрөөлийг ч тарчлаах шаардлага юун.

Чадах зүйлээ чи хий. Тэгээд болохооргүй бол зүгээр л орхичих. Цаг нь ирэхээр бүх зүйлс байр байраа олно. Зун аяндаа л ирнэ. Цэцэгс ургадгаараа л ургана. Цас хайлдгаараа л хайлна. Зун ирэхийг цэцэг ургахыг түргэсгэх боломжгүй. 

Бүх зүйлд цаг хугацаа бий. Дун өвлөөр цасыг хайлуулах гэж бүү мунгина. Зун ирээгүй жил гэж үгүй. Бороо орсон өвөл гэж үгүй. Яарч тэвдэлгүй зүгээр л хүлээ. Бүх зүйлс байр байраа олох болно.

Х.Баасансүрэн. Эрдэнэзуу хийдийн хамба лам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж