“Сонгуульд оролцохоор огцорсон Францын Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон ямар ч тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд тус улсын ерөнхийлөгч Франсуа Олландаас илүү санал авна” гэж “Figaro” сонин “TNS Sofres-Onepoint” компанийн явуулсан олон тийтийн санал асуулгаас иш татан мэдээлжээ.
Судалгааны явцад тус компани Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат хэрхэн явагдах тухай хэд хэдэн хувилбарыг авч үзжээ. Хувилбар бүртээ Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийг янз бүрийн байдлаар үнэлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үйл ажиллагаа 2017 оны дөрөвдүгээр сарын 23-нд болно.
Санал асуулга явуулсан хувилбарын дагуу сонгогчдын 16 хувь нь эхний шатанд Макроныг дэмжихээ илэрхийлсэн бол Олландын төлөө 11 хувь нь санал өгнө гэжээ. Мөн сонгогчдын 26 хувь нь “Үндэсний фронт”-ын лидер Марин Ле Пены төлөө, 20 хувь нь экс ерөнхийлөгч Николя Саркозийн төлөө санал өгнө гэсэн дүр зураг харагдсан байна.
Санал асуулгыг есдүгээр сарын 2-5-ны хооронд “LCI” суваг, “Figaro” сонины захиалгаар явуулж, нийт 1000 орчим хүнийг хамруулжээ.
Өмнөх долоо хоногийн мягмар гаригт Францын Эдийн засгийн сайд Эммануэль Макрон огцрохоо мэдэгдсэн болсон юм. Түүнийг албыг Сангийн сайд Мишель Сапен давхар хашихаар болжээ.
Эммануэль Макрон Францын Эдийн засгийн сайдаар хоёр жил гаруй хугацаанд ажилласан юм. Тэрбээр сайдын ажлаа хүлээлгэж өгснийхөө дараагаар “Ард түмнийхээ төлөө шинэ төсөл дээр ажиллана” гэж мэдэгдээд байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ бол албан ёсоор зарлаагүй байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР