Ажлаа ардаа ацагласан хаврын чуулган

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Ажлаа ардаа ацагласан хаврын чуулган

Улс хувьсгалын 90 жилийн ойтой давхцаж өндөрлөсөн УИХ-ын намрын чуулган араасаа олон асуулт, нэхэл дагуулсаар алдарлаа. Сонгуулийн жилтэй золгож буй энэ хаврын чуулганаас ард түмэн асуух асуулт, хүлээх хүлээлт ч их байсныг хэлэх үү. Харин наадмын халуунтай зэрэгцэж хаасан хаврын чуулган өмнөө тавьсан хэрэг зорилгоо хэр зэрэг хэрэгжүүлсэн юм бол.

Сонгуулийн хууль ба сонирхлын зөрчил

Өнгөрөгч намрын чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, УИХ-ын даргын гаргасан захирамж ёсоор энэ хаврын чуулганаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Компанийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай зэрэг 20 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна.

Бүтэн гурван сар гаруй үргэлжилсэн хаврын чуулганы хугацаанд эдгээрээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх чөлөөний тухай зэрэг арав гаруй хуулийн төсөл, шинэчилсэн найруулга, 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталж, Нийгмийн халамжийн багц хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Цахим гарын үсгийн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг бусад хуулийн төслийг ирэх намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр үлдээсэн байна.
Нарийн ширийн статистик мэдээл­лийг УИХ-ын тамгын газраас жич мэдээлэх биз. Харин олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан гол гол том хуулиудын талаар эргэн сануулья.

Тухайлбал, УИХ-ын даргын захи­рамжаар баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дөрөв­дүгээрт бичигдээд байсан УИХ-ын сонгуулийн тухай хууль, хэлэлцүүлгийн шатанд хэдийнэ ороод байсан Сонирхлын зөрчлийн тухай /бүтэн нэр нь “Төрийн болон нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай”/, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг улс төрийн шийдэл хүлээсэн үндсэн гол асуудлуудаа УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадсангүй ээ. Энэ нь нөгөөх л улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийн “Ирэх сонгуульд ороход иргэдэд биш надад аль нь ашиг тустай байх вэ” гэсэн хувийн явцуу сонирхолтой нь холбоотой.

Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан нам, МАН-ын хамтар­сан Засгийн газрыг байгуулахдаа баталсан гэрээ ёсоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засаг захир­гааны нэгжийн хуваарийг шинэчлэх, Сонгуулийн хууль болон төрийн алба, Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхээр хоёр талаас ажлын хэсэг байгуулж, гар хөлийн үсгээ зуралцсан ч түүнээс хойш бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад аль аль асуудал нь урагш ахисангүй. Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр УИХ-аас гаргасан ажлын хэсэг жил гаруй ажиллаж байж хэлэлцүүлэгт оруулж ирсэн хуу­лийн төсөл, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ давамгайлсан /50:26/ холимог системээр ирэх сонгуулийг явуулах тухай ажлын хэсгийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө өгсөн удирдамжийн да­гуу унагаж, оронд нь 24:56 буюу мажоритари давамгайлсан холимог хувил­барыг тулгаснаар С.Баярын нэр­лэсэн “сонгуулийн төгөлдөршил” ши­лээ харуулж, Ардчилсан намын бүлэг хариуд нь сар шахам хуралдаан хаясан ч үр дүнг нь үзсэнгүй. МАН-ын бүлгийн дарга асан Д.Лүндээжанцангийн “Манай намын бүлгийн 45 гишүүнд нэг нэг тойрог өгөхгүй бол сонгуулийн хуулийг чинь явуулахгүй шүү” гэсэн далайл­тыг шинэ дарга Ө.Энхтүвшин нь дуулгавартайяа гүйцэлдүүлж байгаа нь энэ.

Сүүлийн 10 гаруй жил “шүдний өвчин” болж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр өнгөрөгч нам­рын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуу­лийг баталсан ч хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэх ёстой Үндсэн хуулийн өөрчлөлт бас л гацав. Аргаа барсан Ардчилсан намын бүлгийнхэн МАН-ын бүлгээс гаргасан “сонгуулийн тогтолцоогоор ард нийтийн санал асуулга явуулах” саналыг дагуулан “Үндсэн хуулийнхаа өөрчлөлттэй хамтат­­гаад нэг мөр санал асуулгаа явуулчихья” гэсэн ч цаадуул нь бас л дэмжсэнгүй. “Үндсэн хуулийн өөрч­лөлтийг тийм амар хийдэггүй юм, цаг хугацаа давчуу байна” гэсэн юм яриад “Харин 50:26-гаар холих уу, 24:52-оор холих уу гэдгээ ард түмнээсээ асууя” гэж тэнэгтдэг юм. Уг нь сонгуулийг ямар хуулиар яаж явуулах нь Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалтын дагуу хууль тогтоох байгууллага болох УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ингээд ард түмэн “эрхээ эдэлж, хуулиа хэрэгжүүлж чадахгүй УИХ-аар бид яах ч юм билээ” гэсэн цөхрөлтэйгээр энэ хаврын чуулганыг үдэж байгаа юм.

Хэрвээ УИХ хаврын чуулганы хаалтын өмнө амласан амлалтаа бие­лүүлж, ирэх намрын чуулганаар сонгуулийнхаа тогтолцоог шинэчилж чадахгүйд хүрвэл бид ирэх 2012 оны сонгуулиар нөгөө л сонгогчдын өгсөн санал парламентад хэзээ ч үнэн зөвөөр тусдаггүй, цөөнх нь олонхио үгүйсгэдэг хуучин хуультайгаа сонгуульд ор­но, сонгуулийн маргааш дахиад л “долдугаар сарын 1” болно доо.

Одоо үйлчилж байгаа сонгуулийн хууль, тойргийн системээр бол 38.000 хүнтэй Дундговь аймаг, 260.000 хүнтэй Баянзүрх дүүрэг хоёр яг адилхан хоёр гишүүнтэй /дөрөв байлаа ч ялгаа юун/ байгаа. Сая 200 мянган хүнтэй нийслэлээс сонгогдсон 20 гишүүний эсрэг сая 500 мянган хүнтэй орон нутгийн 56 гишүүн санал өгдөг. Хот хөдөөгийн хөгжлийн ялгаа яагаад ийм их байдаг, социализмын үеийн тархай бутархай, үрэлгэн бүтэцтэй засаг захиргааны хуучин бүтэц, 335 жижиг сумдыг одоо хүртэл нэгтгэж чадахгүй төсвөөс тэжээсээр байдгийн учир энэ. Хэрвээ сонгуулийг хувь тэнцүүлсэн, ядахдаа тэр нь давамгайлсан байдлаар явуулбал хаана хүн ам төвлөрсөн байна, тэр сонгогчдын санал парламентад жин дарж, сонгогдсон гишүүд нь ч гэсэн газар нутаг, засаг захиргааны нэгжид таацуулсан биш, хүн ам, нийт сонгогчиддоо чиглэсэн бодлого явуулна гэсэн үг.

Мартагдсан дарга, орхигдсон орд газар

УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг бас нэг асуудал нь Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудит зэрэг хараат бус бие даасан байгууллагуудын дарга удирдлагыг томилох, чөлөөлөх явдал. Өнгөрөгч гуравдугаар сард АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Б.Сундуйсүрэн нарын албан тушаалын хэрэгт анхан шатны шүүхээс ял өгч, тавдугаар сард хуралдсан давж заалдах шатны шүүх тэдний ялыг хэвээр үлдээж, хорих анги руу ачсан боловч нөхдүүд одоо болтол шоронгийн өрөөнөөс ажил хэргээ явуулсаар байна. Нэг үе “Ганцхудаг руу цаас бариад гүйдэг байсан АТГ-ын ажилтнууд одоо Тахирсоёот, Зайсангийн хорих руу салаалан гүйж, замынх нь зардлыг төсвөөс төлж байгаа даа. Учир нь УИХ хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн “Шүүхийн эцсийн шийдвэр гартал тэднийг огцруулахгүй” гэсэн тул АТГ одоо хэр нь эзэнгүй байгаа. Тэгсэн хэрнээ “Ерөнхийлөгч дараачийнх нь хүнийг УИХ-д оруулж ирэх эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал” гэж хэлж суугаагийн ар хударгаар нь ямархуу тохироо, өгөө аваа явааг хэн мэдлээ.

Саяхан УИХ дээр бас нэгэн дуулиан дэгдсэн нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга асан Д.Дондог гишүүнийг таван тэрбум гаруй төг­рөгийн хохиролтой залилангийн хэ­рэгт нэр холбогдсон явдал. Энэ хэр­гийг шалгахын тулд Улсын ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д гурвантаа хүргүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр УИХ-ыг төлөөлөн өмнөөс нь “Түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” хэ­мээн хариулсан. Ийм нэг өмнөх ажлаа ч хийж чаддаггүй, өрөөл бусдын ч ажлыг хийлгэдэггүй, гар хүлээтэй хөл тушаатай газрыг УИХ гэдэг болсон бололтой.

Энэ хаврын чуулганаар эцэслэх ёстой байсан бас нэг асуудал бол Тавантолгойн ордын хөрөнгө оруу­лал­тын гэрээ. Ашиглалтын лиценз нь 100 хувь төрийн амчид байгаа уг ордыг ашиглахаар Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” хэмээх төрийн өмчит компанийг байгуулсан ч уг орд дээр үйл ажиллагаа явуулах оператор компаниудыг шалгаруулах ажил дуу­саа­гүй л байна. Анхлан олон улсад нэр хүнд бүхий гэж үнэлэгдсэн 11 компани, консерциум тендерт саналаа ирүүлснээс одоо Хятад, Орос, АНУ-ын гурван компани үлдээд байгаа. Дээрх гурван компанитай хамтран ажиллах саналаа Засгийн газар хаврын чуулганы төгсгөлөөр ҮАБЗ-д хүргүүлсэн нь зөвлөлийн хурлаар хараахан хэлэл­цэгдэж амжаагүй. Олон нийтэд хараахан ил болоогүй байгаа уг төслийн талаар УИХ болон улстөрчдийн төвшинд шүүмжлэлтэй хандаж эхлээд байгаагаас үзвэл Тавантолгойн ордын ашиглалтын асуудлыг ирэх намрын чуулганаас өмнө, ээлжит бус хуралдаан зарлан хэлэлцэнэ гэх найдвар ч тун бага байгаа юм. Хэрвээ Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах төслөө энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж чадсан бол хөрөнгө оруулалт, хөрс хуулалтын ажлыг энэ намар багтаан эхлүүлж, ирэх оноос эхний борлуулалтаа хийж эхлэх ёстой байлаа.  

Энэ мэт асуух асуулт, хүлээх хүлээл­тээр дүүрэн байсан хаврын чуул­ган халгаж, халирсан хамаг ажлаа ирэх намрын чуулганд үлдээгээд өндөр­лө­лөө.

Б.СЭМҮҮН

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж