Х.Бат-Эрдэнэ: Халтар үрээ маань аман хүзүүдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнэ: Халтар үрээ маань аман хүзүүдлээ

“АЛТАЙ КОНСТРАКШН”-Ы ЗАХИРАЛ Х.БАТ-ЭРДЭНЭ:
ХАЛТАР ҮРЭЭ МААНЬ АМАН ХҮЗҮҮДЛЭЭ

Дөрвөн их түүхт тохиосон баяр наадамдаа тоосоо өргөхөөр газрын хол усны уртыг туулан ирсэн шандаст хурдан хүлгэдийн туурайн төвөргөөнд дөрвөн өдрийн турш хотолзсон  Хүй долоон худагийн торгон ногоон  мандал дахь халтар азаргаа аман хүзүүнд хурдлуулсан Х.Бат-Эрдэний галынхан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Алтай консткракшн”-ы захирал, алдарт халтар үрээний эзэн энэ эрхэм улс бүсийн наадмаас 15 айраг түрүү хүртсэн одтой эр юм. Наадмын өмнөх сунгаануудад сум шиг хурдалж, түрүүлэх нь дамжиггүй хэмээгдэж байсан халтар үрээ уяан дээрээ дүүхэлзэж, эзнийх нь гэрт баяр талархлын үгс багтаж ядан байлаа. Х.Бат-Эрдэнэ захиралд баяр хүргэхээр сумогийн Их аварга Д.Дагвадорж гэргий Г.Тамирын хамт, НИТХ-ын дарга Т.Билэгт, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гэргий Дэлгэрцэцэгийн хамт, шинэхэн заан Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү гэргийн хамт гээд олны танил эрхмүүд ирсэн байлаа.
Хурдан хүлгийн буянг бусадтай хуваалцдаг эртний ёсоор Х.Бат-Эрдэнийн гэргий охины хамт ирсэн зочдод халтар азарганыхаа хишиг хэмээн 20,000 дэвсгэрт тарааж, Их аварга Д.Дагвадорж хүүг нь адислаж ерөөл тавьсны дараа бид гэрийн эзнийг зочдоос түр “зээлж” хөөрөлдлөө.

-Түүхт ойд азаргаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдэл мэдээж өндөр байгаа биз дээ?

-Баярлалаа. Дөрвөн том ой тохиосон энэ жилийн баяр наадамд халтар азарга маань аман хүзүүнд хурдаллаа.  Байгал дэлхий  буян хишгээ хайрлаж нар хур тэгширсэн үнэхээрийн сайхан наадам болж байна. Миний мэдэхийн сүүлийн арваад жилд ийм сайхан дэлгэр наадам болж байгаагүй.

-Өнгөрсөн жилийн хязаалангийн түрүү халтар азаргыг тань түрүүлнэ гэж зарим нэгэн нь мөрийцөхөд ч бэлэн байлаа?

-За яахав ээ. Хүй долоон худагт ханиад гарсныг дуулаад нэлээд дөхүүлж  байж долдугаар сарын 9-ний шөнө энд ирж буусан юм. Гэсэн ч нэмэр болсонгүй, тэр шөнөдөө л ихэнх адуу маань ханиад хүрчихсэн. Халтар үрээ маань ч ялгаагүй, их сүрхий ханиалгаж байсан л даа. Тэгсэн хэр нь уралдаад аман хүзүүнд давхилаа. Тэгэхээр чамлах биш, харин ч баяртай байна.

-Наадмын өмнөх сунгаануудад их л хурдан байгаа дуулдаад байсан?

-Тэгсээн, манайх Д.ОнонТод манлайн буюу 61-ийн гарамд морьдоо сунгаж байсан. Гурван сунгаанд гурвууланд халтар үрээ маань өнгөлсөн. Сунгаанд дээгүүр давхиж байсан Сүхээгийн хээр, Улаан гишүүний зээрд зэрэг азарганууд сая улсын наадамд айрагдлаа.

-Өнгөрсөн жил төрийн наадмын түрүү хүртээд их догдолж байх шиг байсан?

-Тэгсээн, төрийнхөө их баяр наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний  аз хийморь, лундаа заяа байдаг юм билээ. Улсын баяр наадмын анхны түрүү. Эр хүн ховор уйлдаг  ч тийм үед өөрийн эрхгүй  нулимс гаргадаг юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд сэтгэл огшоод асгартлаа уйлсан. Миний аав Хадбаасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Аавдаа “Хүүгийнх нь морь түрүүлчихлээ” гээд хэлэхэд надтай утсаар ярьж чадахгүй уйлаад л байсан. Би ер нь хэр баргын юман дээр уйлаад байдаггүй  хүн л дээ. Тэр өдөр үнэхээр тэсээгүй. /инээв/

-Төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгийнхээ угшил гарвалын талаар танилцуулаач?

-Миний  энэ хээр үрээ Тод манлай уяач Ганхуяг буюу Бандгаагийн унаган адуу. Уяа сойлгыг нь Ган-Очир ах маань тааруулсан. Шүдлэндээ уяа нь дутаад улсын наадамд 20 гарч давхисан ч, Баянхонгорт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил хязааландаа  улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар Говь-Алтай аймагт болсон даншиг наадамд мөн түрүүлсэн. Энэ жил хаврын бүсийн “Дүнжингаравын хурд-2011” болон Булганы бүсийн уралдаанд тус тус түрүүлж, сая улсын наадамд аман хүзүүдлээ.

-Сүүлийн гурван жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг нэр их дуулдах болсон. Ер нь яагаад морь сонирхох болсон юм бэ?

-Би хурдан морь сонирхож уях болсоор дөрвөн жилийн л нүүр үзэж байна. Өнгөрсөн жил улс, бүсийн наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртсэн.

-Тэгвэл Монгол Улсын Алдарт уяачийн болзлыг хангачихсан юм биш үү?

-Сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан улс, бүсийн наадмуудаас 15 айраг, түрүү хүртээд байгаа. Миний өвөө Төмөржаа гэж  олон жил морь уясан,  МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан. Харин ээж Монголын морин спортын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Хүмүүс мэдэх байх. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд өөрийн хувь нэмрээ жаахан ч гэсэн оруулж байгаадаа баяртай байдаг.

-Та олон адуутай. Голдуу хаанаас адуу авдаг юм бэ?

-Эхэндээ монгол адуу нэлээд цуглуулсан. Сүүлдээ монгол адууныхаа цусыг сайжруулах үүднээс цэвэр үүлдрийн  Англи, Араб азарга нэлээдийг оруулж ирсэн.

-Таныг адуунд чамгүй мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Ер нь хурдан морь ямархуу ханштай байдаг юм бэ?

-Тэрийг нарийн хэлэх шаардлагагүй биз дээ. Мэдээж хурдан хурц адуу бол үнэтэй. Гэхдээ үнэтэй болгон хурдан байхгүй. Гол нь адуугаа таних хэрэгтэй л дээ. Жишээлбэл, миний нэг сая таван зуун мянгаар авсан үрээ соёолондоо улсын наадамд гурвалж байсан. Хүмүүс тоохгүй авахгүй байсан юм. Бас миний хамар цагаан хүрэн азарга бий, Алтан-Овооны тахилга наадамд аман хүзүүдэж байсан.

-Тэгэхээр та хурдан морь шинжихдээ гаргуун байх нь ээ?

-Тэгж хэлж болохгүй байх аа. Адуу танина гэхээсээ илүүтэй хийморь лундаа байсан байх. /инээв/

-Анхны тань морь…?

-2007 онд анхны  морио худалдаж авч байлаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэрээс Амаржаргалын хүрэн морийг авсан. Тэр морь одоо Монгол  улсын халхын хоёр ч том даншигт түрүүлсэн. Хэнтийн 800 жилийн ойд зориулсан даншигт түрүүлсэн. Их насандаа. Тэгээд соёолон билүү хязааландаа Хэнтийн хөдөө  арлын даншигт түрүүлсэн хүрэн халзан морь байгаа. Тэр морийг 2007 онд аваад улсад уралдуулаад улсын наадамд өнгөлж явсаар байгаад суугаад зургаалсан түүхтэй. Улсын наадмын 26 км-ын 25 км өнгөлөөд ганцхан км суугаад зургаалсан. Зургаалахаар нь бэлгэшээдэг юм.

-Бүсийн наадмуудад айрагдаж байсан адуунуудынхаа талаар яриач?

-Хэдийгээр айраг түрүүнд нэрээ бичүүлж чадаагүй ч гэсэн миний анхны адуу 2007 онд Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан.  Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний адуу. Дараа жил улсын наадамд ганцаараа хол тасархай хөтөлж яваад үзүүр дээр сууж зургаагаар орсон юм. Би өөрөө зургаагийн тоонд дуртай. Тэр утгаараа их бэлгэшээж, “Дараа жил морь айрагдах юм байна” гэж бодсон нь ёсоор болсон. Миний соёолон улсын наадамд гурвалж,түүнээс хойш айраг  түрүү тасарсангүй ээ.

-Таныг хурдан мориноос гадна, сайн машинд гар татдаггүй гэдэг юм билээ?

-Сайн морь, сайхан машинд гар татдаггүй ээ. Машины цуглуулга маань ч овоо арвижиж байгаа. Ямар ч байсан дэлхийд алдартай сүүлийн үеийн машинуудыг Монголдоо оруулж ирэх юмсан гэж хүсдэг. Оруулж ирэх ч болно. Сонин хэвлэлээр хэлээд байх зөв юм уу. Надад дээр үеийн орчин үеийн нийлсэн гуч гаруй машин байна. Хорин хэд, 30, 40 оны байна. Явалгүй яахав. Миний хобби ч бш л дээ. Миний төрсөн ах Батнасан төмөр хүлгэнд хоббитой хүн л дээ. Тэр хүний хийсэн юмнууд. Ахдаа уусаад л.

-Хурдан морь сонирхох болсноос хойш миний амьдралд асар их өөрчлөлтүүд гарсан гээд уяачид ярьдаг юм байна лээ. Таны хувьд?

-Тийм шүү, асар их өөрчлөлтүүд гардаг. Аливаад уужуу тайван, хүлээцтэй ханддаг болсон. Энэ бол эр хүнд байх ёстой хамгийн сайн чанар гэж ойлгож байгаа.

-Мориноос гадна сайхан бөхтэй юм байна. 90 жилийн ой шүү дээ?

-Энэ жил дөрвөн их ой тохиосон сайхан жил болж байна. Энд манай компанийн бөх Монгол улсын начин Бат-Эрдэнэ сайхан барилдаж Монгол улсын гарьд цол авсанд баяртай байна. Үнэхээр сэтгэл зүрх бүх юмаараа өөрийгөө шавхаж сайхан барилдлаа.

-Хэдийнээс танай компанийн нэр дээр барилдах болсон юм бэ?

-2008 оноос. Манай Монгол Улсын начин Говь-Алтай аймгийн Баатар гэж хүн бий. Нэг өдөр над руу залгаад “Говь-Алтайн ийм  сайхан залуу байна. Компанидаа аваач” гэсэн би ч сэтгэл хангалуун байсан. Тэгэхэд улсын начин болчихсон байсан. 2008 онд начин болоод 2008 оныхоо сүүлээр манайх компанийн бөх болсон доо.

-Баярлалаа. Уясан хүлгэд нь босоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.

Х.Бат-Эрдэнийн аав Хадаасан, өвөө Адилбиш Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат. Тийм учраас Алтайд өссөн, Алтай нутгийн хүүхэд компаниа Алтайгаараа овоглон 2003 онд байгуулжээ. Эднийх барилгын салбараас гадна, газар тариалан эрхэлдэг. Дорнод аймгийн Халх гол суманд жилд 11 га-д тариалалт хийж байгаа. Х.Бат-Эрдэнэ мөн анх удаагаа Авсралийн бирж дээрээс компани худалдаж авч, уул уурхайн төслийг бүртгүүлсэн. Уг орд газрынх нь хайгуулын ажил дуусч байгаа, удахгүй хувьцаагаа гаргана гэнэ.
 

А.ЭРДЭНЭТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж