Олимпийн наадмын алтаас бусад бүх тэмцээний АВАРГА-ын титэмтэй, энэ цагийн хамгийн алдартай тамирчны нэг Х.Цагаанбаатар зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ.
Тамирчны карьертаа цэг тавьсан тэрбээр өчигдөр өөрөө төдийлөн өмсөхгүй болсон жүдогийн өмсгөлүүдээ /жүдоги/ хэрэгтэй хэн нэгэнд өгөх хүсэлтэй байгаагаа дэлгэж, фэйсбүүкийг шуугиуллаа.
Улсын аварга, Зүүн Азийн аварга, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын аварга, Дэлхийн аварга, бас “Дэлхийн цом”, “Их дуулга”, Гран-при, “World Masters”-ын аварга Хашбаатарын Цагаанбаатарын тив, дэлхийн дэвжээнд өмсч зодоглосон эдгээр кимоныг эхлээд тэр “Намрын айрганд хуруудаж хожвол надаас кимоно аваарай” хэмээн даруухан зарласан ч нүүр номчдын хүсэлтээр бэлтгэлийн үеэр өөртэй нь барилдаж, оноо авсан залууст өгөхөөр болжээ.
Дэлхийн аваргын жүдогиг өөрийн болгох боломжтой бэсрэг барилдааны хугацааг Х.Цагаанбаатар аварга өөрөө жич зарлах гэнэ. Жүдо бөхөд сэтгэлтэй залууст бэлэглэхээр шийдсэн 40 орчим кимоно түүнд байгаа ажээ.
Б.ЭНХ