Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Дараагийн “хаан”

Улс төрийн ертөнцөд нэгэн шинэ “хаан” төрж буй тухай шивэр авир яриа Төрийн ордонд тархжээ. Эрх баригч намын гишүүд өвөр хоорондоо энэ тухай ярилцаж, зарим нь бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлав. Тэр хүн хэн гэдгийг тус намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо шууд зарлав. “Өнөөдөр бүх улс төрийн шийдвэр нэг хүнд төвлөрөөд байна. М.Энхболд гэдэг хаантай болчихоод байна. Энэ хүнээс Засгийн газар, нийслэл, УИХ, нам ч хамаарч байгаа" гэжээ. Ил хэлсэн нь л тэр болохоос түүнтэй ижил бодож, дургүйцэж буй эрхмүүд цөөнгүй байгаа аж.

Тэд яагаад намын даргаа шүүмжлээд, хэмжээгүй эрхт хаан хэмээн цоллоод байна вэ. МАН сонгуульд ялсны дараа намын дарга М.Энхболд Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсон. Яг л АН-ын З.Энхболдын жишгээр явсан гэсэн үг. Хэдийгээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг, санал болгодог ч намын дарга, удирдлагын хооронд ярилцаж байж л шийдвэр гаргана. Тэгэхээр томилгооноосоо эхлээд л М.Энхболд дарга “манарсан”. Мэргэжлийн Засгийн газар байгуулах сонгуулиар өгсөн амлалтаасаа ухарч, зарим эрх ашгийн зөрчилтэй эрхэмд албан тушаал оноосныг тухайн үед цөөнгүй шүүмжилсэн. Удаах нь эдүгээ УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотгол. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд хэд хэдэн төрлийн татварыг нэмэх саналыг МАН-ын бүлгийн зарим гишүүн нь дэмжихгүй унагамагц шууд хаалганы цаана хуралдаж, үүрэгдэж, “хайрцаглаад” л болгочихлоо. Тэдгээр гишүүний болон татварын дарамтад өртөх иргэдийн эсэргүүцлээр нийгмийн даатгалын шимтгэлийг л нэмэхгүй, бусдыг нь авдгаараа авна хэмээн зүтгэв. МАН эсрэг санал ярьсан гишүүдээ дарахдаа сайн. Гэхдээ энэ удаа тэдгээр гишүүн иргэдийн талд ярьж буйг М.Энхболд дарга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хоёр ч удаа ээлжит бус хуралдаан хийсэн. Эхнийх нь хуралдааны мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Түүнээс харахад “Татвар нэмж болохгүй, иргэдээ туйлдуулна. Өөр арга зам хайгаач” гэсэн гишүүддээ Сангийн сайд, Ерөнхий сайд, намын дарга гурав нь “Фортуна стийл”-ийн зөвлөгөө өгсөн байна лээ. “Өөдрөгөөр хар, асуудлыг зөв өнцгөөс нь тайлбарла. Тэгвэл иргэд ойлгоно, татвараа нэмж төлнө” гэжээ. Харин Ц.Нямдорж гишүүн амласныхаа эсрэг ажиллавал иргэд дараагийн сонгуулиар биднийг АН шиг л “арчиж” хаяна шүү хэмээн сануулсан байна лээ. Орон нутгийн сонгууль болох гээд байхад олон нийтийн дунд намынх нь нэр хүнд унаад, эцэст нь юу ч үгүй үлдвэл М.Энхболд буруудна. Тиймээс тэр яаж ийгээд гишүүдээ нэгтгэхийг хүсчээ. МАН угаас элдэв зөрчлөө нуухдаа, эсэргүүцсэн гишүүдээ дарахдаа чадварлаг. Гэхдээ энэ удаа тэдгээр гишүүн зөв зүйл дуугарч, иргэдийнхээ талд орж байгаагаараа ялгаатай. Гэтэл эрхэм дарга “баг”-ийнхантайгаа хамтраад “Татвар нэмнэ л гэсэн бол нэмнэ” хэмээн зүтгэж эхлэв. Тэгээд өөрийнхөөрөө гүйцэлдүүлж чадаж буй нь татвар нэмэх саналаа чуулган дээр “босгуулснаас” харагдана. Өмнө нь манай улс Н.Энхбаяр хэмээх “хаан”-тай байсан. Дараа нь АН-ын дарга З.Энхболд хэмээх шинэ “дарангуйлагч”-тай болсон. Одоо тэдний халааг эрх баригч намын дарга М.Энхболд авах гэж буй бололтой юм. Гэвч зөв зүйл ярьж буй гишүүдээ, буруу шийдвэр гаргах гээд буйг нь эсэргүүцэн сануулж буй ард түмнээ сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэсэн хүмүүсийн түүх яаж төгсдөгийг харуулсан туршлага бийг мартаж болохгүй. Н.Энхбаяр хэмжээлшгүй эрхтэй хаан байгаад эцэст нь бор оймсоо гозолзуулсаар гэмтэн болсон түүх бий. Харин З.Энхболд намаа чирээд “гудамжинд гарсан”. Бэлээхэн ийм сургамжтай түүхтэй эрхмүүд байхад тэр ийм буруу замаар явахгүй байх учиртай. Гишүүдээ, хамгийн гол нь ард иргэдээ сонсох ёстой.

Бүлгийн хуралдааны мэдээлэл сонин дээр гарсны дараа дарга Д.Хаянхярваа өнөөх сониныг, сурвалжилга хийсэн сэтгүүлчийг Тагнуулын ерөнхий газраар шалгуулахаа мэдэгдэж, гайхашруулав. АН-ын дарга асан З.Энхболд хүртэл түүн шиг загнаж, хэвлэлийн эрх чөлөөг хянах гэж оролдоогүй сэн. Үүнийг ч тэрбээр баталж, “Манай бүлгийн хуралдаан хэвлэлээр олон л гардаг байсан. Бид хэнийг ч шалгуулна гэж байгаагүй” хэмээн гайхаж буйгаа бичсэн байна лээ. Тэд энэ маягаар ажиллабал иргэд байрыг нь солиод л тавьчихан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй.

С.УУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ӨНӨӨДӨР” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж