Засгийн газар татвар нэмэх саналаа буцаалаа

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар татвар нэмэх саналаа буцаалаа

  • 2016 оны төсвийн тодотголд олон улсын болон улсын чанартай авто замын засвар шинэчлэлд шаардлагатай 12 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Зам тээврийн сайд өчигдөр хуралдсан Онцгой комиссоос хүслээ. Мөн ДЦС-иудад 2016 оны есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар ердийн ачааллын 21 хоног, өвлийн их ачааллын долоо хоногийн нүүрсний нөөцтэй байна. Гэтэл нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд “Улаанбаатар төмөр зам”-ынхан шатахууны асуудалтай байгаа юм. Учир нь ОХУ-ын Роснефть компани есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл засвар үйлчилгээ хийж, зогсоохоо мэдэгджээ. Иймээс есдүгээр сарын квот түлшийг авч, нөөцлөх асуудал үүссэн байна. Мөн 2940 тонн дизель түлш “Сүхбаатар өртөө”-ний хил дээр түлшний онцгой албан татвар төлөх санхүүжилт байхгүйгээс хүлээгдэж байна. Эдийн засгийн хүндрэл тулгарч, түлшний онцгой албан татварыг нэмсэн тул татвараа төлж чадахгүйд хүргэж, тээвэрлэлт зогсож, өвөлжилтийн бэлтгэл ажилд сөргөөр нөлөөлж байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлжээ.


  • Өнгөрсөн долоо,наймдугаар сард хэт халж, бороо бараг ороогүйтэй холбоотой аж. Мөн Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэсэн. Улмаар нутгийн малчид Ганга нуурыг тойрон нүүдэллэж, малаа тус нуураас ундаалснаас, Ганга нуур малын хөлийг даалгүй ширгэсэн гэж БОАЖЯ дүгнэж байна. Иймээс салбарын яам нь Ганга нуурыг эргэн сэргээх, тойрон буй эко системийг нь хамгаалахаар нутгийн малчдад малаа ундаалах худгийг олноор гаргаж өгөх, нуурын усыг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болсноо мэдээллээ. Эхний ээлжид Сүхбаатар аймгаас Ганга нуурыг малын хөлөөс тусгаарлах, хамгаалалтын хашааг барьж эхэлжээ.


  • Орхон голын эхэд алт олборлож буй Монгол газар компани тэргүүтэй 40 гаруй аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ-гүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй ажиллаж байсан байна. Мөн алтны компаниуд Орхон голыг бохирдуулахгүйн тулд хамгаалалтын даланг барьж алт угаасан бохир усаа хаших учиртай. Харин Цэнхэр суманд олборлолт хийдэг уурхайнууд усны далан бариагүй, барьсан далангууд нь мэргэжлийн түвшинд хийгдээгүйн улмаас сэтэрч, алт угаасан улаан шороо Орхон гол руу урсдаг болох нь тогтоогджээ. Алтны компаниуд цаашид  бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлээд, ТЭЦҮ-гээ батлуулан шаардлага хангасан далангаа баривал БОАЖЯ-наас үйл ажиллагааг нь эргэн сэргээхийг зөвшөөрөх юм байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол алт олборлох лицензийг нь цуцална гэлээ. Мөн үнэлгээний компани шалгаруулж, Орхон голын бохирдлыг тогтоолгоно. Түүний дараа шүүхэд гомдол гаргаж буруутай этгээдийг БОАЖЯ хайх юм байна.


  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх асуудлыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан тухай мэдэгдсэн байна. Засгийн газар төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа.


  • Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.


  • Хичээлийн шинэ жил эхлээд тав дахь хоногтойгоо золгож буй энэ үед гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгийн засварын ажил үргэлжилж байгаа юм. 86 дугаар цэцэрлэгийн хувьд их засвар хийгдэх учиртай. Гэвч тендэр удааширсан гэх шалтгаанаар наймдугаар сарын 10-нд засварын ажил эхэлснээс өдгөө хүүхдүүдээ хичээлийн жил эхлэхэд авч амжаагүй. Харин 77, 95 дугаар цэцэрлэгт өргөтгөлийн ажил хийж байна. Албаны хүний мэдээлж буйгаар энэ сарын 15 гэхэд гурван цэцэрлэгийн засварыг бүрэн дуусгаж, хүүхэд хүлээн авна гэлээ.


  • Хаан банкны “Содон” хороолол дахь салбарт 24 настай эмэгтэй хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ. Тодруулбал, өчигдөр 15.22 цагийн орчимд Хаан банкинд тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20.000-тын дэвсгэрт илэрсэн байна. Мөн өнгөрөгч Даваа гаригийн 12.04 цагийн орчимд 53 настай эмэгтэйн орлогоос хуурамч 10 мянгатын дэвсгэрт илэрчээ. Хуурамч мөнгө түүний тушаасан 8.662.000 төгрөг дундаас илэрсэн байна. Одоогоор эдгээр хэргийг Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж