Японы бүсгүйчүүд дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Японы бүсгүйчүүд дэлхийн аварга боллоо

Герман улсад зургадугаар сарын 26-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өндөрлөлөө. Өчигдөр Франкфурт хотын “Ойн цэнгэлдэх”-д болсон финалын тоглолтод Японы шигшээ баг АНУ-ын багийг торгуулийн цохилтоор буулган авснаар дэлхийн аваргын цом өргөсөн анхны Ази тивийн баг болсон юм. Тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэх болоход Боккс, Лльод, Хит нарын АНУ-ын гурван тоглогч цохилтоо алдсанаар Японы шигшээд давуу тал бий болсон. Японы шигшээгээс хоёр дахь цохилтыг гүйцэтгэсэн Нагасато цохилтоо алдсан ч Мияама, Сакагүчи, Кумагай нар даалгавраа амжилттай биелүүлснээр 3:1 харьцаатай илүүрхэж, дэлхийн аваргын тавцанд гарах эрхтэй болжээ. Хэрэв АНУ-ын шигшээ энэ тулаанд ялалт байгуулсан бол дэлхийн гурван удаагийн аварга хэмээн цоллуулж, рекорд амжилтын эзэд болох байлаа. Харин Японы шигшээ багийн тухайд өмнөх таван дэлхийн аваргад ердөө гуравхан тоглолтод хожиж байснаас гадна тивийнхээ аваргад ч түрүүлж байгаа юм. Гэтэл энэ удаагийн дэлхийн аваргад тэд гурван тоглолтоос хоёр хожилтойгоор В хэсгийг тэргүүлж, шөвгийн наймд талбайн эзэн орны багийг нэмэлт цагт 1:0-ээр, дараа нь хагас шигшээд Шведийн багийг 3:1 харьцаатай хожиж, финалдсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Швед болон Францын баг тоглож, 2:1 харьцаатай Шведийн багийн ялалтаар өндөрлөжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж