А.Бямбажаргал: УИХ-ын шийдвэр Монгол Улсын парламентын түүхэнд урьд хожид байгаагүй үзэгдэл, парламентат ёсны хувьд халтай үйл явдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас зарим хуулиудыг буцаах тухай тогтоол гаргалаа. Энэ тал дээр та судлаачийн хувьд ямар бодолтой байна?
–Хууль тогтоох ажиллагаа өөрөө нарийн технологи буюу өөрийн гэсэн тодорхой үе шаттай байдаг. Эдүгээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль ёсоор юуны өмнө хууль тогтоох ажиллагаа нь хууль санаачлах эрх бүхий субьект санаачлах, улмаар түүнийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж нэгдсэн хуралдаанд оруулах эсэхийг шийдэж, үүний дараагаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэх, мөн байнгын хороо эцсийн хэлэлуүлэгт бэлтгэх, зарчмын зөрүүтэй болон нэг асуудлаар хоёр өөр хуулийг төслүүд байвал тэдгээрийг нэгтгэн байнгын хороо төслийг хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагддаг. Энэ нь хууль батлах процедур өөрөө хуульд нарийвлан заасан олон үе шатыг дамжиж байж сая хууль батлагддаг болохын нотолгоо юм. Тэгвэл саяын УИХ-ын тогтоол угтаа бол дээрх шат дамжлагаар шүүгдэн нэгэнт батлагдсан хуулиудыг хуульд заагаагүй арга замаар буцаасан тохиолдол боллоо. Энэхүү үйл явдал Монгол Улсын парламентын түүхэнд хүчин төгөлдөр хуулийг хууль санаачлагчид нь буцааж буй анхны тохиолдол болж байна. Угтаа бол дээрх хуулиуд нэгэнт УИХ-аас баталсан буюу хүчин төгөлдөр болсон хуулиуд өөрөөр хэлбэл хуулийг батлах процедур буюу өөрийн дэс дарааллын дагуу бэлэн болсон гэсэн үг. Гэхдээ энд нэг зүйл байдаг нь уг хууль үйлчилж эхлэх буюу шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хэмээн асуудал бол дээрхээс тусдаа асуудал бөгөөд үүнийг дээрх асуудалтай хольж хутгах шаардлагагүй билээ.
-Ер нь хууль санаачлагчид хуулийг буцаж болдог уу? Ямар тохиолдолд хууль санаачлагчид хуулийг буцаадаг юм бэ?
-Энд нэг зарчмын зөрөөтэй асуудлыг заавал өөр хооронд нь ялгаж зааглах шаардлагатай юм. Энэ юу бэ гэвэл. Та сая хэллээ хууль санаачлагчид хуулийг буцааж болох эсэх асуудал болон төслийг санаачлагчид нь буцаах асуудал. Зарчмын хэмээн тодотгосон учир нь нэгэнт батлагсан хуулийн хувьд хууль санаачлагчид нь буцаах эрх зүйн үндэс байхгүй юм. Харин батлах эсэхийг хэлэлцэж буй төслийн хувьд бол дээрх ойлголт буюу санаачлагчид нь уг хууль болон тогтоол, гэрээг батлаагүй бол буцааж болох боломж бий. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаас үзвэл гагцхүү хуулийн төслийн хувьд л буцаах боломжтой байна. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 16.8 дах хэсэгт заасны дагуу УИХ-ын байнгын хорооноос хууль санаачлагчид нь төслийг буцаах санал гаргаж УИХ-д оруулж болох ба үндэслэл нь “тухайн асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл”, мөн хуулийн 24.5-т зааснаар хуулийн төслийг УИХ-аас хэлэлцээд “хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заасны дагуу төслийг л санаачлагчид дээрх хоёр үндэслэлээр буцааж болдог хэмээн ойлгож болно. Харин хүчин төгөлдөр болсон хуулийн хувьд ингэх боломж байхгүй юм. Өөрөөр хэлбэл УИХ хууль зөрчсөн тогтоол гаргасан хэмээн үзэж болно.
-Тэгвэл одоо манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль ёсоор хууль хэрхэн хүчин төгөлдөр болдог бэ?
–Үндсэн хуульд заасны дагуу хууль хүчин төгөлдөр болох хоёр үндсэн нөхцөл байдаг. Энэ нь юуны өмнө хууль тогтоогч хүчин төгөлдөр болох хугацааг өөрт нь тусгайлан заах, хоёрдугаарт ийнхүү хугацааг хуульд тусгайлан загаагүй тохиолдолд албан ёсоор нийтэлсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэх журамтай. Тэгвэл саяын тохиолдолд тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиуд гэхэд хууль тогтоогч энэ оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан заасан. Нэг ёсондоо дээрх хуулиуд Үндсэн хуульд заасан ёсоор хүчин төгөлдөр болсон хэмээн үзэж болно. Үүнээс үзвэл уг хууль дефакто хүчин төгөлдөр хууль буюу хүнээр бол эхээс мэндэлсэнтэй адил билээ. Харин Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бол бүх шатны шүүх албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэхгүй гэх зарчимтай. Үүнээс үзвэл дээрх нэр бүхий хуулиудыг албан ёсоор нийтлээгүй байвал түүнийг шүүгч маргаан хянан шийдвэрлэхдээ хэрэглэх боломжгүй гэсэн үгээ. Иймд дээрх хуулиудын хувьд бол асуудал арай өөр буюу нэгэн хүчин төгөлдөр болчихсон атал түүнийг нь хуулийн төслүүдтэй адилаар буцааж буй гэх утгаараа уг УИХ-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын парламентын түүхэнд урьд хожид байгаагүй үзэгдэл, парламентат ёсны хувьд халтай үйл явдал болж байна.
-Энэхүү үйл явдалтай холбоотойгоор та хэрхэн дүгнэж байна?
-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй бүхий л хуульд зааснаар нэгэнт батлагдсан буюу хүчин төгөлдөр болсон хуулийг хууль санаачлагчид нь буцаах ямар ч эрх зүйн үндэслэл, боломж байхгүй ээ. Өмнө нь би танд хэлсэний дагуу гагцхүү хууль болон бусад шийдвэрийн хувьд төсөл байх шатанд нь буцааж болохоос биш хууль тогтоогчийн хувьд нэгэнт батлагдсан хуулийг хууль батлах замаар л өөрчлөх эсвэл халах боломжтой гэдгийг дахин хэлмээр байна.
Т.ДАВААНЯМ