Төрийн байгууллагуудад стандарт тогтооно

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагуудад стандарт тогтооно

“Монгол Улс төрийн байгууллагынхаа үйл ажиллагаанд менежментийн стандарт тогтоох цаг болсон” хэмээн өнөөдөр Британийн стандартын байгууллагаас мэдээлэл хийлээ. Нэн тэргүүнд стандарт гэдгийг тэд тайлбарлахдаа “Тухайн байгууллагыг олон улсын хэмжээнд удирдах арга” гэлээ.

Төрийн байгууллагуудын стандартын тогтолцоо Монгол Улсад тун тааруу байгаа гэж тэд дүгнэжээ. Монголын улс төр, Засгийн газар, төрийн байгууллагад нүүрлээд байгаа тогтворгүй байдал, цомхотгол зэргийг ч стандартгүйгээс үүдэлтэй хэмээн тайлбарлалаа. Британийн стандартын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Б.Ундарлаа “Хамгийн сүүлд л гэхэд сонгууль болж, засаг солигдсоны дараа халаа сэлгээ ихээр хийгдлээ. Энэ нь эргээд төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Хэрвээ төрийн байгууллагуудад стандартын тогтолцоо нэвтрүүлбэл наад зах нь ажилчдыг олноор цомхотгох асуудал багасна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагууд ISO 9001 зэрэг олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж буй” гэлээ.

Уг нь Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор “Нэн тэргүүнд зургаан яам үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлж ажиллах” тухай заажээ. Гэвч өнөөдрийн байдлаар ганцхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам л стандартаар ажиллах гэрчилгээгээ гардан, хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаар Британийн стандартын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Б.Ундарлаа “Боловсролын яам есдүгээр сарын 2-ны өдөр гэрчилгээгээ авсан. Ингэснээр цаашид уг яамны үйл ажиллагаа, боловсон хүчин тогтворжино гэж харж байгаа” гэлээ.

Мөн стандартыг хувийн байгууллагуудад нэвтрүүлбэл, эдийн засгийн хямралаас гарах гарц болно гэж тэд үзжээ. Учир нь бараа бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцүүлж, импортлосноор дотооддоо орох валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Тиймээс цаашид төрийн болоод хувийн байгууллагуудад олон улсын стандартыг нэвтрүүлэх эхний алхмыг хийхээр болжээ. Олон улсын стандартын байгууллагын ISO 9001 менежментийн стандартын хорооны нарийн бичгийн дарга Чарльз Корри Монголд ирж, энэ сарын 7-нд “Сайн засаглалд олон улсын стандартыг хэрэглэх нь” семинарыг Засгийн газар, яам, агентлагуудын оролцоотой зохион байгуулахаар болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж