Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх заалтуудыг эргүүлэн татах шийдвэрт хүрсэн. Уг шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжвэл Сангийн яам төсвийн тодотголыг дахин боловсруулах юм.
УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж шийдсэн татвар нэмэхгүй байх асуудалтай холбогдуулж Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн байр суурийг тодруулахад “Энэ бол бүлгийн шийдвэр. Эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар гаргана. Гэхдээ Монгол Улсын төсөв онц хүнд байдалд орчихсон байгаа. Иймд тодорхой түвшний албан тушаалтны цалинг бууруулж, татвар нэмэх хууль оруулж ирсэн. Энэ нь ард түмэнд таалагдахгүй байгааг мэдэж байна. Аргагүйн эрхэнд байгаа эх үүсвэрийн хүрээнд ийм санал оруулж ирсэн. Хэмнэж олсон 500 тэрбум төгрөг нь ирэх 2017 оны төсвийн тэнцэлд тодорхой хэмжээний дэмжлэг болох учиртай байсан. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэхгүй. Татвар нэмэх заалтыг эгүүлэн татвал Сангийн яам хүнд байдалд орно. Яагаад гэвэл есдүгээр сарын 15 гэхэд 2017 оны төсвийн төслийг Засгийн газарт өргөн барих учиртай. Бидэнд ес хоногийн хугацаа байна. Үүний дараа аравдугаар сарын 1-нд 2017 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих ёстой. Хэрэв татвар нэмэхгүй болчихвол төсвийн тодотголын дахин боловсруулах “хоёр давхар хайчинд” орчихлоо” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Сангийн сайд нь ийнхүү байр сууриа илэрхийлж байгаа бол МАН-ын бүлгийг төлөөлүүлж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас тодруулга авлаа.
-Татвараас орж ирэхээр төсөөлж байсан орлого байхгүй болчихлоо. Иймд төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх вэ?
-Төсвийн алдагдал бодит байдал дээр 4 их наяд төгрөг давсан. Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт дөхөж ирэхэд маш ихээр тасарлаа гэж бид ярьдаг байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн сахилга бат, мөнгөний алдаатай бодлогоос болж 4 их наяд төгрөгөөр тасраад байгаа юм. Татвар нэмэхгүй болсноор төлөвлөж байсан орлого орж ирэхгүй. Үүнийг нөхөхийн тулд бид зардлаа бууруулахаас өөр аргагүй. Зардлаа бууруулж болох хэд хэдэн хувилбар байна.
-Зардал бууруулах ямар хувилбар байна гэж?
-Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн концесс, викселийн гүйцэтгэлүүдийг эргэж харах хэрэгтэй. Аж үйлдвэрийн яам өөр дээрээ концессийн асуудлыг төвлөрүүлсэн. Ингэснээр нэг сайд, нэг яамны мэдлээр 1 их наяд 600 тэрбум төгрөгийн концессийн гэрээ хийгдээд, ажил нь явагдчихсан байна. Гэрээгээ байгуулаагүй атлаа хэдэн зуун км зам тавиад явж байгаа компани ч бий. Энэ нь эргээд Засгийн газрын өр болдог. Дээрээс нь төсвийг алдагдалд оруулж байгаа нэг зүйл бол хүү төлөлт юм. Зээлийн хүү, бондын хүү гэх мэт. Ойролцоогоор 1 их наяд гаруй төгрөгийн хүү төлж байна.
Үүнээс харахад мөнгөний бодлого, эдийн засаг, санхүүгийн бодлогоо буруу тодорхойлж байсан үйлийн үрийг Монгол Улс бие дээрээ үүрч байна. Гэхдээ бид эдгээр алдааг засах боломж хайна. Цаашид зарлага хумих, зардлаа бууруулах асуудал чухал түвшинд яригдах байх.
-“Мэргэжлийн” Засгийн газар дэд сайдуудаа эгүүлэн татвал нэлээд хэдэн төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоолол яваад байсан. Зардал танах тооцоонд дэд сайдуудыг эгүүлэн татах асуудал багтах болов уу?
-Үүнийг би ганцаараа шийдэхгүй. Засгийн газрын түвшинд яригдаж шийддэг. Уг нь төсвийн зардал бууруулахтай холбоотой хэд хэдэн саналыг төсвийн тодотголд тусгасан. Харамсалтай нь сөрөг хүчний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэсэн ч бид цалин танах тал дээр алхам хийгээд явж байна. Тухайлбал улсын өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг ажил хэрэг болгоод явж байна.
–Энэ удаад татварын хуулийг хэвээр нь үлдээлээ. Цаашид татварын хуульд өөрчлөлт оруулах уу?
-Сарын дараа 2017 оны улсын төсвийг өргөн барьж хэлэлцэнэ. Энэ үеэр татвартай холбоотой ямар нэг зүйл заалт орж ирэхгүй. Цаашид татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, маш чухал шийдэл гаргах нөхцөл байдал байгаа юу гэвэл байгаа. Уг асуудлыг цаашид ярилцаж шийднэ. Ер нь МАН-аас бүрдсэн Засгийн газар нь нийгмийн дуу хоолойг сонсож, асуудалд хандана.
-Тэтгэврийн насыг нэмэх, хамтын тэтгэврийг болиулах гэх мэт тэтгэвэртэй холбоотой асуудал энэ яригдаж байна. Үүнийг эргэн харах болов уу?
-Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд олон нийтийн санаа бодлыг сонсож, бодлогод тусгаж ирсэн. Тэтгэврийн даатгалтай холбоотой асуудлыг бодлогын түвшинд язгуураар нь цэгцлэхгүй бол Монгол Улсад буруу жишиг тогтсон. Жишээ нь бурхан болсон 10 мянган гаруй хүний нэр дээр тэтгэврийн зээл авчихсан байсан шүү дээ. Энэ мэт зүйлийг цэгцлэх хэрэгтэй. Хамтын тэтгэвэртэй холбоотой асуудлыг харин бид ярилцаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж оруулж өгсөн. Хэрэв зөв бодлого барьж явж чадах юм бол Эдийн засгийн хүндрэлээс гарах хугацаа нь 12-18 сар юм гэж Ерөнхий сайд хэлсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарсны дараа цалин тэтгэвэр нэмэх асуудлыг хөндөх боломж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах асуудлыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Одоо малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл өргөн баригдаад явж байгаа.
-Өрийн таазыг нэмэгдүүлж, ДНБ-ний 88 хувьтай тэнцүүлэх тухай хуулийн төсөл яригдаж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. Өрийн таазыг нэмэгдүүлнэ гэдэг үнэн үү?
-Засгийн газар байгуулагдаад, долоо хоногийн дараа Сангийн яамнаас өрийн тааз хэдий хэр хэмжээнд хүрсэн мэдээг гаргуулж авсан. Ингэхэд Монгол Улсын өрийн тааз 80 гаруй хувьтай явж байсан. Өөрөөр хэлбэл ДНБ-ний 58,3 хувьтай тэнцэнэ гэсэн заалтаас аль хэдийн даваад явчихсан байгаа юм. Үүнийг бууруулах бодитой алхам хийхээс өөр аргагүй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш хэн нэгэн албан тушаалтан, нийгэмд таалагдахын тулд төсөв баталж ирсэн. Энэ нь эргээд улс орон, эдийн засагт ноцтой хохирол учруулаад байна.
-Та Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр ямар саналтай байна вэ?
–МАН-ын бүлгийн уур амьсгалын түвшинд бол хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн нөхцөл байдалтай байна.
-Танд баярлалаа.