Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Баасанбуугийн Шинэбаярыг “Шинэ цагийн Ромео” хэмээн нэрлэдэг. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Удахгүй Буриадын Улаан-Үд хотноо болох “Алтан Сэргэ” наадамд “Ромео Жульетта” өрсөлдөнө гэж дуулсан. Наадамд оролцох бэлтгэлээ базаасан уу?
-Улсын драмын эрдмийн театрын маань 85 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд олон сайхан уран бүтээлээ туурвиж байна. Мөн манай театрынхан энэ сарын 11-нээс 18-ны өдрүүдэд Буриадын Улаан-Үдэ хотноо болох “Алтан Сэргэ” наадамд “Ромео Жульетта” жүжгээрээ оролцох гэж байна. “Ромео Жульетта” жүжгээ тавдугаар сараас хойш тайзнаа тоглоогүй учраас дахин сэргээж, бэлтгэл хийнэ. Жүжгийн маань бэлтгэл өнөөдрөөс эхэлж байгаа.
-Энэ сарын 23-наас эхлэн Улсын драмын эрдмийн тайзнаа дахин “Ромео Жульетта” жүжгийг тоглох хуваарь гарсан байсан?
-Тийм ээ. Үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 23, 24, 25-нд “Ромео Жульетта” жүжгээрээ дахин бэлэг барих болно.
-Таныг МУГЖ Л.Дэмидбаатар багшийн шавь гэж сонссон. Энэ зун Л.Дэмидбаатар багш тань “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаасан. Ангийхан нь төв талбай дээр баяр хүргэхээр цугласан харагдсан?
-Мэдээж сайхан байна. Багш маань наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртлээ. Багшаараа үргэлж бахархаж явдаг. Би ийм мундаг жүжигчний шавь болсондоо баяртай байдаг. Багшийгаа шагнал авах үед ангийнхан маань очиж баяр хүргэсэн. Миний хувьд наадмын нээлтийн бэлтгэлтэй байж таарсан учраас очиж чадаагүй.
-Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал ирж байна уу. Хамгийн сүүлд дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал ирж байна. Хамгийн сүүлд “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” хэмээх киноны дүр дээр ажиллаа. Энэ киноны гол дүр болох Даваа гэдэг охины найз залуугийн дүрд тоглосон. Миний хувьд энэ зуныг амралтын байдалтай өнгөрүүллээ. Өөр шинэ уран бүтээл дээр ажилласангүй.
-Дуу хоолой тань их өвөрмөц санагддаг. Төрөлхийн ийм хоолойтой юу?
-Би төрөлхийн ийм хоолойтой. /инээв/ Цаашдаа өөртөө заяасан хоолойгоо тордох хэрэгтэй гэж боддог. Мэдээж Соёл урлагийн их сургуульд дөрвөн жил сурахдаа тайзны ярианы багш, МУГЖ Л.Чаминчулуун багшаараа тайзны урлагийн талаар заалгаж, суралцсан.
-Орчин үеийн Ромеогоос найз охинтой эсэхийг нь асуулгүй өнгөрч болохгүй байх. Өөрөө найз охинтой юу?
-Хувийн амьдралаа нууцалмаар байна.
-Тэгвэл анхны үерхлийнх нь талаар сонирхож болох уу?
-Анхны үерхэл ариухан, цагаахан, нандин байлаа гэж. Миний хувьд наймдугаар анги хүртлээ “Ган зам” дунд сургуульд суралцсан. Харин арван жилийн дунд сургуулиа “Жаргалан” бүрэн дунд сургуульд төгссөн. Анхны үерхэл маань богино хугацаанд болж өнгөрсөн.
-Залуу уран бүтээлчдийг хамт уран бүтээл туурвиж буй эмэгтэй жүжигчидтэй их холбодог. Өөрт чинь ч гэсэн ийм зүйл тохиолддог уу?
-Тэгдэг шүү. Хамт бүтээл туурвисан бүсгүйчүүдтэй нэр холбох нь бий. Тэр болгоныг тайлбарлаад байх хэцүү л дээ.
-Урлагийн салбарт мэргэжил нэгтэй залуу гэр бүл нэмэгдэх болж. Таны найз бүсгүй магадгүй уран бүтээлч мэргэжилтэй юу?
-Үгүй ээ. Нэг салбарт ажилладаг хүмүүс бие биенээ олоод хамт байх нь сайхан. Нэг нэгнийгээ ойлгохоос эхлээд л. Миний хувьд нууц. /инээв/
-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ид гэр бүл төлөвлөдөг нас даа. /инээв/ Гэр бүл төлөвлөлтийн талаар бодсон зүйл байгаа. Ирээдүйд гэр бүлтэй болж, уран бүтээлээ ч гэсэн орхигдуулахгүй байхыг хичээнэ дээ.
-Айлын ганц хүүхэд гэж сонссон. Магадгүй гэр бүлтэй болохороо олон хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
-Тийм ээ. Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Монгол ардын зүйр үгэнд “Ганц байвал байхгүй гэж тооц. Хоёр байвал нэг гэж тооц” гэдэг шүү дээ. Аль болох олон хүүхэдтэй болохыг л хүсдэг. Өнөр өтгөн гэр бүлтэй байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Эргээд харахад ч гэсэн үр хүүхдүүдийнхээ ачлалыг хүртэж, бахархаж суух болно.
-Аав, ээж нь хүүгээрээ их бахархдаг байх. Эцэг, эхийнхээ ачийг сайн явж л хариулна даа тийм үү?
-Одоогийн залуус ээж, аавынхаа үзээгүй зүйлийг нь үзүүлж, бараг л алт мөнгөнд хөлбөрүүлнэ гэж ярьцгаадаг. Миний хувьд эцэг, эхийнхээ санааг л амар амгалан, тайван байлгахыг хүсдэг. Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ төлөө санаа зовинож л явдаг шүү дээ. Ер нь намайг гэр бүл маань их дэмжиж, ойлгодог. Манай аав гэхэд миний сонин сэтгүүлд өгсөн бүх ярилцлагуудыг хайчлаад цуглуулдаг. Мөн тоглосон кино болгоны нээлтийн зургийг хавтаслан хадгалсан байдаг. Эцэг, эх маань хүүгээрээ бахархаж байгаа нь надад сайхан санагддаг. Цаашдаа ч олон сайхан уран бүтээлээр ээж, аавдаа бэлэг барихыг хүсч байна. Учир нь миний мэргэжил хэчнээн цаг наргүй явсан ч гэсэн ажлынхаа үр шимийг буцаагаад маш сайхнаар хүртдэг шүү дээ.
-Өөрийнхөө үеийн жүжигчдээс хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг вэ?
-Ер нь өөрийнхөө үеийн залуу уран бүтээлчидтэй мэндтэй явдаг. Хамгийн ойр дотны гэвэл Соёл урлагийн их сургуулийн нэг ангийнхан маань байна. Мөн Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золжаргал, Э.Тодгэрэл нартай нөхөрлөдөг. Хоёр найзтайгаа хамтран цаашдаа олон уран бүтээл хийх хүсэлтэй байгаа. Жульеттад тоглодог жүжигчин О.Дөлгөөн маань ч байна.
-Театрын найзуудтайгаа шинэ уран бүтээл хийж байгаа юм уу. Ямар уран бүтээл болохыг сонирхож болох уу?
-Манай театрын залуу жүжигчин Б.Золжаргал, Э.Тодгэрэл бид гурвын шинэ дуу тун удахгүй цацагдах болно. Бид гурав Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх Театр студийн жүжигчин болж анх орж байсан. Одоогоор дууны клипний ажил дууссан. Гэхдээ шинэ дууныхаа нэрийг хараахан өгөөгүй байгаа. Өмнө нь бид гурав байгууллагынхаа шинэ жилээр хамтран дуу дуулж байсан юм. Гэхдээ бид гурав хамтлаг байгуулаагүй шүү. Зүгээр л уран бүтээлийнхээ хажуугаар дуу дуулахыг хүссэн. Бидний хамгийн анхны уран бүтээл “Ромео Жульетта” жүжгийн мюзеклийн дууг дуулсан.
-Жүжигчин хүний гадаад төрх, имиж тоглох гэж буй уран бүтээлтэй холбоотойгоор хувьсан өөрчлөгдөж байдаг. Өөрийн чинь хувьд сахлаа ургуулсан байна. Магадгүй шинэ уран бүтээл дээр ажиллах гэж байна уу?
-Нэг уран бүтээлд тоглох санаа байсан. Тэр уран бүтээл маань хойшлогдсон уу сайн хэлж мэдэхгүй байна. Одоо “Ромео Жульетта” жүжигтээ зориулж, сахлаа авна даа. Хүн бүр л сахлаа яагаад ургуулж байгаа юм вэ, шинэ уран бүтээлд тоглох гэж байгаа юм уу гэж асуусан.
-Залуу уран бүтээлч хүний хувьд хувцаслалтандаа хэр анхаардаг вэ. Орчин үеийн залуусын хувцасны чиг хандлагатай зэрэгцэн алхаж чадаж байна уу?
-Би аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй, цэвэрхэн хувцас өмсөх дуртай. Одоогийн залуус өөрийгөө эвдэж, өөрчилж байгаа нь давуу тал. Монголын залуус Солонгосын К-поп урлагийг сонсч болно. Гэхдээ тэдний хувцаслалт, үс засалт гээд бүх зүйлийг нь хуулбарласан юм шиг дууриаж болохгүй юм шиг санагддаг. Сүүлийн үеийн монгол залуус нарийн өмд өмсөөд л, үсээ урт ургуулах болж.
-Сүүлд “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны Хангайгийн дүрд тоглосон. Энэ дүр нь одоогийн залууст үлгэр дууриал болж чадсан юм шиг санагдсан?
–“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд гоё, ганган залуугийн дүрд тоглохоос илүүтэйгээр монгол ахуйгаа харуулсан нь монгол залуу хүний дүрд тоглосон нь сайшаалтай. Үзэгчдэд монгол ахуйг мэдрүүлсэн мессеж өгч байгаа нь тухайн уран бүтээлийн зорилго. Би “Дүр бүтээх” гэдэг үгийг хэлэхээс эмээдэг. Энэ үг нь “Ард түмний сэтгэлд мөнхөд хадгалагдана үлдэх” гэсэн утгатай шүү дээ. Тийм болохоор тухайн дүр дээр ажилласан л гэх хэлэх нь зүйтэй байх.